УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /2021.03.05/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн 5,1 их наяд төгрөгийн санхүүжилттэй төсвийн орлогоос ард түмэн бүгд хүртэлх ёстой. Гэтэл цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнгээ өгөөгүй.
Нэгдүгээрт, иргэдийн эрүүл мэнд,
Хоёрдугаарт, эдийн засаг,
Гуравдугаарт, аж ахуй нэгжийг уналтад орохоос хамгаалах зорилт тавьсан. Гэвч энэ гурван зорилт хэрэгжээгүй. Иргэдийн эрүүл мэндийг цар тахлаас хамгаалж чадаагүй. Өдөрт 70,80 хүн халдвар авсан нь тогтоогдож байна. Хөдөө аймгуудад бүртгэгдэж байна. эдийн засгаа хамгаалах зорилт бүрэн биелсэнгүй. Аж ахуй нэгжээ ч хамгаалж чадсангүй. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон. Мөн 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй байна. 5,1 их наяд төгрөгийг цар тахлын эсрэг зарцуулсан ч яагаад иргэн бүрт мэдрэгдсэнгүй вэ гэж хүмүүс хардаж байна. Ингээд би Ерөнхий сайдад асуулга явуулсан. Үүний хариуд богинохон тайлбар ирүүлсэн. 2020 онд 2,4 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна гэсэн. Үлдсэн 2,7 их наяд төгрөг хаачсан бэ. Энэ хамгийн их хардлага төрүүлж байна. 2тэрбум төгрөгийн хөшөө, 3,2 тэрбум төгрөгөөр усыг нь зөөдөг усан сан байгуулсан. Чингис хаан музей 50 тэрбум төгрөгөөр баригдах ёстой байсан ч энэ онд 30 тэрбум төгрөгөөр өртөг зардал нь өсч 82 тэрбум төгрөгөөр музей бариад явж байна. Ийм үр дүнгүй зарцуулалтыг Засгийн газар гаргаж байна. Өнөөдөр халдвар авсан нэгийг эмчлэхэд хүн 8 сая төгрөгийн зардал гарч байгаа ч өдөрт хэдхэн витамин ууж байгаа гэх юм. Хамгийн наад захын хулгай бол N95 маск нэг ширхэгийг 20 мянган төгрөгөөр авсан байна. Эхнэр, нөхөр хоёр хоёулаа машинтай мөртлөө хоолны талон авч байна. УИХ-ын дарга индэр дээрээс "мянгат малчин хоолны талон аваад байна" гэж хэлсэн. Тиймээс 5,1 их наяд төгрөгийн зарцуулалтаа тайлагна. Үүний дараа 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүл. Өнөөдөр 2 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй аж ахуй нэгжид зээлнэ гэж байгаа. Энэ зээлийг авахын тулд маш өндөр шалгууртай. Эсрэгээрээ зээл өгөхгүй гэсэн шалгууртай. Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд танай компани санал өгөх юм бол хариуд нь зээл өгнө гэж байгаа. Мөн 500 мянган залуусын саналыг худалдаж авах зорилгоор 2 сарын сургалт нэрээр 1 сая төгрөгийн цалинтай хөтөлбөрт хамруулах гэж байна. Хичээл нь энхрий хайрт Ардын намыг магтан дуулаад, хамгийн сүүлд Ардын намд санал өгөөрэй гэж шивнэнэ.
Үүнээс гадна 5,1 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд маш их тоног төхөөрөмж тендер сонгон шалгаруулалтгүй худалдаж авсан. Би олон улсын байгууллагатай хамтарч энэ хулгайг хэн хийснийг ил болгоно. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд бүх мөнгөний мөрөөр орох эрхтэй албан тушаалтан юм" гэлээ.