УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдэл хийлээ. Тэрээр "Эргэн сануулахад Ж.Эрдэнэбатын толгойлж байсан Засгийн газар танхимаараа шийдвэр гаргасныхаа төлөө Ж.Эрдэнэбат шоронд орсон. Үүнээс сэргийлэхийн тулд Захиргааны ерөнхий хуулинд өөрчлөлт оруулж, танхимын шийдвэрийг шүүх хэлэлцэхгүй байх заалтыг оруулахгүй бол Л.Оюун-Эрдэнэ дараа нь асуудалд орно гэдгийг анхааруулмаар байна. Монгол Улсын эдийн засагтай холбоотой томоохон төсөл, хөтөлбөрийг УИХ хэлэлцэж шийдэх бүрэн эрхтэй. Уг эрхийг цар тахлын хууль нэрийдлээр Засгийн газар авчхаад хуулийн асуудалд орох вий гэдгээс болгоомжилж байна. Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэл бол АН, МАН гэлтгүй бүх нийтийн асуудал. Тиймээс 10 их наядын хөтөлбөрийг УИХ-д оруулж ирвэл асуудлыг нь хэлэлцэж дэмжинэ. Эцэст нь хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ ээ, 5.1 их наяд төгрөгийн цар тахлын төсвөөс 2.4 их наяд төгрөг нь л ил болсон. Үлдсэн 2.7 их наяд төгрөг нь тодорхой бус байгаа. Би үүнийг нэхэл хатуутай шаардах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье" гэлээ.