Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕБС-ын СУРАГЧ: Боловсролын яам, багш нар та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч

ТЕЛЕ ХИЧЭЭЛ. Ковид-19 цар тахлаас өмнө энэ ойлголтыг монголчууд тэр бүр мэддэггүй байсан. Энэ бол танхимын хичээлийг 100 хувь нөхөж чадахгүй ч, тасалдуулахгүй байх сургалтын нэг хэлбэр юм. Энэ нь багш нар, сурагчид бүр цаашлаад эцэг эхчүүдийн хувьд ч шинэ бөгөөд гэнэтийн туршлага болов. Цар тахлын улмаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 927 мянга гаруй хүүхэд теле хэлбэрээр хичээллэж эхэлсэн. 

Тодруулбал, хүүхдүүд 2020 оны хичээлийн жилд 165 өдөр хичээллэхээс 75-ыг өдрийн сургалтын агуулгыг теле хичээлээр үзэж судалсан бол энэ хичээлийн жилийн хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд хөл хорио тогтоосноос хойш сурагчид танхимаар хичээлэлгүй өнөөдөр 92 хоног болж байна.

Теле хичээлийн хүртээмж, зохион байгуулалтын талаар бид багш, эцэг эх, ахлах ангийн сурагчдын сэтгэгдлийг сонирхсон юм.

"ЭЦЭГ ЭХ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗЭРЭГЦЭЖ ҮЗЭЭД, ТУХАЙН ХИЧЭЭЛИЙНХ НЬ ТАЛААР ЯРИЛЦВАЛ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ"

84-р дунд сургуулийн англи хэлний багш Б.Цэрэндолгор:
Уг нь теле хичээл бол сургалтын арга барилын маш боломжийн хэлбэр юм шүү дээ. Танхимаар хичээллэхэд сурагч нэг удаа сонсоод л өнгөрнө, харин теле хэлбэрээ үзэхдээ ухрааж, дахин дахин үзэх боломжтой. Мөн БШУЯ-ны сайт дээр хичээлүүд  хадгалагдсан байдаг, сурагчид түүнийг нөхөж үзэх боломжтой гээд давуу тал олон. Үүнд нэг хүндрэлтэй зүйл нь хүүхэд бүр гар утасгүй, датагүй, интернетэд холбогдох боломжгүйд байгаа юм. Түүнийг эс тооцвол үр өгөөжийн хувьд боломжийн хэмээн боддог.  Одоо сошиалаар явж байгаа хүмүүсийн хандлагыг ажиглахаар “Хүүхэд хоцрогдолд орж байна” хэмээн бухимдсан эцэг эх цөөнгүй байна. Дийлэнх эцэг эх туслахаас илүүтэй хүүхдийг дэвтэрт нь хуулуулах л сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, дэвтэртээ хэдий чинээ их юм бичнэ, хэдий чинээ их сууж даалгавраа хийнэ тэр хэмжээгээр нь хүүхдээ юм хийж байна гэж ойлгоод байна. Маш хөнгөн аргаар зааж болно шүү дээ. Эцэг эх өөрөө ч зэрэгцэж үзээд, тухайн хичээлийнх нь талаар ярилцвал илүү үр дүнтэй. 

"ГАР УТАС, КОМПЬТЕРГҮЙ, ГЭРТЭЭ ЗУРАГТГҮЙ ХҮҮХДҮҮД ЯАДАГ БОЛ ХЭМЭЭН САНАА ЗОВНИДОГ"

ЕБС-ийн 3, 6-р ангийн сурагчдын ээж Т.Одгэрэл:
Дунд ангид сурдаг хүү маань теле хичээлээ өөрөө бие даан хийчихдэг. Харин бага хүүхдээ теле хичээл хийх явцад нь дэргэд нь заавал сууж хийх шаардлагатай байдаг. Телевизээр зааж буй теле хичээлийн хувьд багш нар чадварлаг, хичээлээ сайн заадаг гэж боддог. Гэхдээ боломжийн амьдралтай хүүхдүүд нь ухрааж үзээд, эсвэл интернетээр холбогдоод хийчхэж байгаа юм. Харин гар утас, компьтергүй тэр ч бүү хэл гэртээ зурагтгүй хүүхдүүд яадаг бол хэмээн санаа зовнидог. Бага ангиас бусад ангийн багш нар хичээлээ давхар цахимаар хүргэж байгаа ч теле хичээл зааж байгаа багш нарын түвшинд хүрч чаддаггүй нэг сул талтай нь ажиглагддаг.

Ээж Я.Алтанцэцэг:
Теле хичээл гэж нэг цаг барсан зүйл байна.  Үүний оронд бараг сурах бичиг нь хамаагүй ойлгомжтой юм билээ. Ялангуяа ахлах ангийн сурагчдад теле хичээл, цахим хичээл хоёр нь давхцаад хоёр хичээл, хоёр даалгавар хийх юм. Мөн теле хичээлийн тэмдэглэл гэж утгагүй юм шаардахаа болих хэрэгтэй. Их ажил хийсэн болж харагдах гэдэг ч юм уу нэг л их хуулан бичиг хийлгэх юм. Дуу хөгжим дээр хүртэл 8-р ангийн хүүхдүүд хуулж бичин багшдаа үзүүлж байна. Уг нь сонсоод ойлгоод авчихад болно биз дээ.  Теле хичээл гэж байхаар нэгэнт хоцрогдсон хоцрогдлоо цар тахал намжихаар яг орхисон хэсгээс нь үргэлжлүүлэх хэрэгтэй болов уу. Теле хичээл нь үнэхээр аргацаасан зүйл болж байна. Хүүхдүүд ч маш их ядарч, дархлаа нь суларч байна.

"ХАНГАЛТГҮЙ ДҮН АВАХГҮЙН ТУЛД ОЙЛГОСОН, ОЙЛГООГҮЙ ХАМААГҮЙ ХУУЛЖ БИЧЭЭД ЯВУУЛАХ ТОХИОЛДОЛ ИХ"

Сургууль, нэрээ нууцлахыг хүссэн ахлах ангийн сурагч:
Өглөө босоод 4 цагийн цахим хичээл хийчхээд, 1 цагийн теле хичээлийг дахин 4 цаг ухрааж, гүйлгэж үзээд, аль алиных нь даалгаврыг дахиад 4, 5 цаг хийж суугаад, багш нарын нэмэлтээр өгч байгаа олон даалгаврыг хийхийн хажуугаар ирээдүйн мэргэжилдээ хэрэгтэй зүйлсээ судлаад, хэлээ сайжруулах сургалтанд сууж байгаа сурагчид ямар их дарамттай байгаа бол? Энэ их хичээлийн хажуугаар өөртөө гаргах цаг зав хэр их гарч байгаа бол? Өдөржин хийж байгаа хичээлээ ойлгож хийх биш цагт нь хийж явуулахгүй л бол хангалттай дүн авахгүй. Бүхэл өдрийн турш хийчхээд хэдхэн минут хоцроод хангалтгүй дүн авчихгүйн төлөө ойлгосон ойлгоогүй хамаагүй хуулж бичээд л явуулдаг тохиолдол их. Сүүлдээ ийм их стресс дунд хичээл хийхээс ч дургүй хүрмээр санагдаж байна. Энэ их хичээл, утаснаас болж нуруу, нүд, толгойны өвчтэй болж байгаа сурагч хэр их байгаа бол? Надтай адилхан бэрхшээлтэй тулгарсан хүүхэд олон байгаа байх. Ядаргаа, сэтгэл санааны байдлаасаа болоод цар тахал, аюулт өвчнөөс илүүтэй хямарч байна. Нөгөөтээгүүр байнга хичээлдээ дарагдахаар ааш зан өөрчлөгдөж, амархан уурлан жижигхэн зүйлс дээр гомдож, уцаарлаад, найз нөхөд, гэр бүлтэйгээ харилцаа муудаж байна. Боловсролын яам, багш нар, эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө энэ хичээлээ долоо хоног хийгээд үзээч ээ!

Налайх дүүргийн 119-р сургуулийн 9-р ангийн сурагч Г.Амарзаяа: 
Миний хувьд хөл хорионы үеэр агаарт байж, эмээ өвөөдөө туслах гээд хөдөө ирсэн байгаа ч хичээлээ хоцрохгүй хийхийг хичээж байна. Гэхдээ хөдөө байгаа болохоор яах аргагүй дата, интернетийн асуудалтай тулгардаг. Теле хичээл зурагтаар гарч байх үед нь хийх гэхээр бичиж авч амжихгүй, гүйцэхгүй тохиолдол их. Тиймээс интернетээр хийхэд төвөггүй байдаг юм. Мөн теле хичээлийн үед ойлгомжгүй зүйлс гардаг ч багшаасаа асууя гэхээр боломжгүй байдаг гээд сул талтай санагддаг. 

Теле хичээлийн хүртээмжийн талаарх "Теле хичээлийн үр дүн, тохиромжтой байдлын судалгаа"-г БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын байгууллага хамтран хийжээ. Судалгаанд улсын хэмжээнд нийт 720 сурагч, 874 багш, 500 эцэг, эх хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан