УИХ-ын чуулганы өнөөдөр/2024.12.13/ хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдааны дараа УИХ-ын 126 гишүүн шинэ жилээ тэмдэглэхээр товложээ. Тодруулбал, гишүүд өнөөдөр орой Их тэнгэрт ёолкатай. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн чуулган хаахад “Гишүүд өнөөдөр 17.00 цагт сургалттай. Цагтаа ирээрэй” хэмээн сануулав.
Баярын үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцох аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд нийт 37 гишүүн ирцээ бүртгүүлээгүй буюу тасалсан байна. Түүнчлэн есөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй, хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байна.
Сонирхуулахад, 2020 онд өмнөх парламентын гишүүд нэгдүгээр сарын 13 буюу ардчилсан үндсэн хуулиа баталсан түүхэн өдрийг сонгон шинэ жилээ тэмдэглэж байжээ.