Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭРДЭМТЭН Л.Н.ГУМИЛЕВИЙН ЯРИА

Ленинград руу профессор Лев Николаевич Гумилевийн утсанд залган зургаадугаар сарын хорьд гаргаад очвол та гэртээ байх уу? гэж асуухад би маргааш Москва орно тэнд уулзая гээд харилцах утсаа өглөө. Төв Азийн нүүдэлчдийн тухай түүний бичсэн номыг далаад оны үед уншаад, эдгээр номноосоо болж буруудсан гэдгийг нь сонссон тул чухам юунаас болж буруудсан гэдгийг тайлж ядан байж билээ. Яггүй хэдэр зантай хүн биз гэж таамаглаж байснаас ч тэр үү дуу хоолой нь хүчтэй, үг нь цөөн, дорвилог хүчтэй сонсогдлоо. Болзсон цагтаа очоод амрыг нь эрж мэндчилбэл ажлынхаа өрөөнд оруулж, олон ном бүхий ханын шүүгээний ойролцоох бичгийн ширээний дэргэдэх сандал руу зааж суухыг урьлаа.

-Үгүй ээ би энэ хажуугийн сандал дээр сууя. Та өөрөө ширээндээ ойр суугтун гэхэд минь:
-Чи суу, юм хум бичиж тэмдэглэхэд чинь амар. Би харин хажуугийн сандал дээр суугаад ярья гээд тамхилж, хээ шаагүй хөдөлж харилцаж байгаа нь миний таамаглаж байснаас тэс өөр хүн ажээ.
-Энэ бол Москвад байдаг гэр маань. Эхнэр бид хоёр голдуу Ленинградад суудаг. Зундаа л хааяа ирдэг юм гэж маш энгийн зүйлээр яриагаа эхэллээ.
-Ээжийн тань /Анна Ахматова/ мэн­дэлсний 100 жилийн ойг дэлхий даяар ялан­гуяа Зөвлөлт оронд өргөн дэлгэр тэмдэглэж байгаа болохоор танд сайхан байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, ойрдоо би энд тэндгүй уригдаж залагдаад ээжийн ойн баяр ёслолд оролцох их ажилтай байлаа. Одоо л гол арга хэмжээ нь өндөрлөж байх шиг байна.
-Та монголчуудтай уулзаж байна уу?
-Уулздаг. Ленинградад суудаг танай ерөнхий консул З.Энэбиштэй сайн танил. Танай элчин зөвлөх Ж.Энхсайхан гэдэг залуу намайг урьж зоог барьсан. Түүнд нэг номоо дурсгалаа. Тэдэнтэй уулзаж Монголын тухай сонсоход сайхан байдаг юм.
-Та өөрөө манай орны тухай гайхалтай мэддэг хүн билээ.
-Би орчин үеийн Монголыг сайн мэдэхгүй. Эртний ялангуяа Чингисийн үеийн монголыг л мэднэ. Би хэдийнээс монголчуудтай холбоотой явж ирсэн. Ленинградын их сургуульд оюутан байх үедээ Ц.Дамдинсүрэнтэй танилцсан. Тэгэхэд тэр бас оюутан байж билээ. Хожим нь олон уулзсан, өргөн мэдлэгтэй эрдэмтэн дээ. Бас профессор Б.Ринчентэй хууч хөөрч байсан. Түүнийг би туйлаас бишрэн хүндэтгэдэг юм. Эрдэмтэн Н.Сэр-Оджавтай ч уулзаж ярилцаж байсан. Манай Зөвлөлтийн хүмүүс хүртэл Монголын тухай асууж лавлах гэж над дээр ирдэг. Зөвлөлт Киргизийн киночид Чингисийн тухай кино хийх гэж байгаа. Саяхан надаас зөвлөгөө авлаа гэж хуучлав.
Профессорын ширээн дээр “Угсаа гарал ба дэлхийн амин мандал” /Этногенез и биосфера/ гэдэг эрдэм судлалын ном хэд хэд байхыг хараад:
-Таны энэ ном монголтой холбоотой юу? гэхэд:
-Үгүй ээ энэ шал өөр зүйл, онолын ном.
-Тэгэхдээ угсаа гаралын онол тань нийгэм судлалтай тухайлбал монголчуудын эртний түүхийг зөв ойлгохтой холбоотой биз дээ?
-Тиймээ, тэгж бичсэн. Угаасаа тийм ч юм.
-Тэгвэл та шинэ номынхоо агуулгыг товчхон хэлж өгөхгүй юу?
-Товчхон хэлэхэд ч дээ, за яах вэ оролдоод үзье. Амьдралд хариу хүлээж буй олон асуудал байдаг шүү дээ, тэдний нэг нь угсаа гарлын асуудал. Хүн, хүн төрөлхтнийг өөртөө багтааж байгаа амьд байгаль нь өнгөрсөн үед бий болсон удмаа олон жил өнгөрөхөд хадгалсаар байдаг. Угсаатан судлаачийн хувьд би хүн бол биологийн нэг тодорхой дүрс гэж үздэг. Угсаа гарлын асуудал бол хүнийг нийгмийн талаас нь ч байгалийн талаас нь ч харилцан шүтэлцээнд нь авч үзэх тийм заагт тулж очсон асуудал юм. Миний энэ аргыг албан ёсны шинжлэх ухааныхан одоо болтол эсэргүүцэж, зарим нь намайг арай л арьс өнгөөр ялгаварлах онолын зохиогч гэж хэлэх нь холгүй байгаа. Хүний сэтгэл санааны уг мухарт өнгөрч улирсан үеэс заавал нэг юм хадгалагдаж үлдсэн байдаг. Тэр нь үндэстэн ястны зан төрхийг төлөвшүүлдэг. Үндэстний зан төрхийг бүрдүүлэгч угсаатан хүрээлэн буй орчны нөлөө болохоор барахгүй зан төлвийг нь төлөвшүүлэх өнгөрсөн үеийн шинж тэмдэг өөртөө агуулж байгаа. Диалектикийн хуулиар бүх юм хөдөлгөөнд оршино. Улс үндэстний тогтнож буй хэлбэр ч мөн тийм. Үндэстний үйл явцын хөдөлгөөнд амьд эрчим хүч /энерги/ чухал учир холбогдолтой. Гэхдээ үндэстний нийтлэг шинж / этнос/ сүрхий удаан хадгалагдана.
Барагцаалбал 1200-1500 жил өнгөрөхөд байж л байна. Хоцрогдсон буюу тэргүүний үндэстэн гэдэг болхи ойлголт. Аливаа үйл явц эхлэл, өрнөл, төгсгөлтэй. Удамшлын организм ч гэсэн тийм. Хөгширнө гэдэг хоцрогдол биш ээ. Тэтгэвэрт гарсан хүн хоцрогдсон пионер биш биз дээ? Үндэстэн ястны нийтлэг шинж нь амьд эрчим хүчний нөлөөгөөр бий болдог. Энэ нийтлэг шинж нь өөрийн нас цэцэглэлтийн үетэй учраас үндэстэн нь хүн шиг үхэж сөнөж болно. Гэхдээ их ялгаатай. Үндэстэн нь толгой дараалан үхэж сөнөхгүй харин хувиран өөрчлөгдөнө. Угсаа гарал бол өнгөрсөн юм биш одоо байж байгаа үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр нь ажиглагчдад тийм амархан үзэгдэхгүй боловч ард түмний өөрийн ухамсар, өөрийн нь мэдрэх чадвараар тэдэнд итгэл үнэмшил байнга төрүүлж байдаг сүрхий хүч нөлөөтэй зүйл ээ. Чухам үүнийг таньж мэдэж баймааж нь нэг үндэстэн нөгөө үндэстэнтэйгээ харилцаа тогтоож чадна. Одоогийн олон улсын харилцаанд ч үүнийг анхаармаар байгаа юм. Тэгээгүйгээс зөрчил мөргөлдөөн үүсдэг. Үүнээс болж түүхэн үйл явцыг буруугаар үзэх явдал гардаг. Байгалийн орчин тэр бүр нийгмийн хөгжлийг тодорхойлж чадахгүй нь үнэн. Учир нь нийгмийн асуудал цочмог түргэн болж өнгөрдөг байхад байгалийн үйл явц удаан байна. Жишээ нь угсаатан гэдэг нийгмийн гэхээсээ байгалийн ойлголт шиг надад санагддаг. Бараг хүн адуусан амьтад адил сүрэг сүргээрээ амьдарч байхад эхэлж бий болсон үндэстэн одоо ч байж л байна шүү дээ. Тэгэхээр дээрх үйл явц нь нийгмийн хөгжилтэй холбоо бүхий байгалийн үзэгдэл болох нь үүнээс харагдаж байна.
-Монголчууд өөрөөсөө хүчирхэг улс үндэстнийг яагаад дийлж байсан бэ?
Түүх хүмүүнлэгийн ухааны үүднээс энэ асуултад хариулт өгч чадахгүй. Тиймээс аргаа өөрчлөх хэрэгтэй. Тэгвэл байгалийн ухаанд хандах хэрэгтэй. Ухаандаа угсаатныг хөдөлж байгаа биеттэй адилтгах хэрэгтэй. Тэр биеийн хөдөлгөөний шинж чанарыг цул, хүч, бүрэлдхүүн гэсэн гурван гол хэмжигдхүүнээр зөв тодорхойлж болно. Өрнөлтийнхөө үед байгаа угсаатан нь ихэнхдээ хүчтэй, бүрэлдхүүн сайтай байдаг. Монголчууд Чингисийн үед өрнөлтийнхөө эрчимтэй үед орсон залуу үндэстэн байсанд л тэдний амжилтын нууц оршино. Энэ нь мэдэгдэж байгаа баримтад харшлахгүй бөгөөд тэр ч байтугай 1260 онд мөхсөнийх нь тайлбар ч болж чадна. Дэлхийд цуутай нэрт дурсгалт бичгийн нэг “Монголын нууц товчооны” 750 жилийн ойг ирэх онд тэмдэглэхээр ЮНЕСКО шийдвэр гаргасныг би маш зүйтэй гэж үзэж байна. “Монголын нууц товчоо” бол ХIII зууны үед Монголын их улс мандах цагт тэр оронд болсон үйл явдлуудыг чухам үнэнээр нь гарган бичсэн түүхийн хосгүй баримт мөн. Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай энэ номд төдийлөн гарахгүй байгаа нь ноцтой баримт. Юу гэвэл Чингис хааны байлдаан батлан хамгаалах шинжтэй байснаас биш эзлэн түрэмгийлэх зорилготой байгаагүй юм. Үнэндээ ч “Монголын нууц товчоог” монгол хүн Монгол газар бичиж туурвисан тул гадаадын түүхч нарын зохиолоос их өвөрмөц, чухаг нандин, үнэ цэнэтэй нь эргэлзээгүй. Оросын нэрт Монголч эрдэмтэн Владимирцов “Дундад зууны үед нэг ч үндэстэн Монголын адилаар түүхч нарын сонирхлыг татсангүй гэж хэлж болохоос гадна бас “нууц товчооны” адил жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийн тэмдэглэвэл зохино” гэжээ. Энэ бүтээл түүхийн хосгүй бүтээл болохын зэрэгцээ хамт хэл, уран зохиол, монгол ардын оюуны чадамжийг илтгэсэн маш даацтай бүтээл мөн. “Монголын нууц товчоонд”: Алун-гуа эх нь өгүүлрүүн: “Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв. Гэвч та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин бүр дайсан болдоггүй. Орос Монгол хоёр хоорондоо тэгж дайсагнаагүй. Оросууд монголчуудад муугаар хандах болсон нь XIII зууны үеэс биш бүр хожим 100 жилийн дараах хэрэг. Засгийн эрх булаагч Мамай, үнэн алдарт шашинт Москвагийн эсрэг католикчуудтай сүлбэлдэж эхэлснээс л ийм болсон хэрэг. Чингис хаан хүч чадалтай, догшин ширүүн өрсөлдөгч нараа түр бут цохиод ард түмнээ хамгаалж байсан. Тэр нь бас оросыг дайран довтлох аюулаас давхар хамгаалж байсан юм. Чингист бут цохиулсан улсуудын Монголтой харилцаж байсан үеийн байдлыг нарийн судлах юм бол их учир шалтгаантай. Жишээлбэл 1223 онд монголчууд половчуудтай байлдаж гурван түмэн цэрэг тэдний тал руу явуулжээ. Тэд Кавказад ирж гүрж, осетин нарын эсэргүүцэлтэй тулгаран тэдэнтэй тулалдсаар Дарьяалын хавцлаар гарч половчуудын хүрээ хүрчээ. Тэгэхэд өмнөд Оросын бүх ноёд половчуудыг өмөөрсөн байна. Монголчууд эвтэй найртай байхыг хүсч элч явуулсан байхад оросын ноёд тэр элчийг нь алсан байна. Овгийн байгуулал, цэргийн ардчилал дээр үндэслэсэн монгол заншлаар бол үйлдсэн ялынхаа өр төлөөсийн хамтаар эдлэх ёстой. Итгэлийг хөсөрдүүлж, элчийг алахыг хамгийн бузар явдал гэж тэд үздэг байжээ. Тэднийг түрэмгийлэн эзлэгч гэж яаран нэрлэхийн өмнө үүнийг л мэдэх хэрэгтэй байж дээ гэж профессор өгүүлж байв.
-Одоо таны ямар ном ойрын үед хэвлэгдэн гарах вэ?
Миний бичсэн “Эртний Орос, Их тал” /Древная Русь и Великая степь/ гэдэг номыг “Мысль” хэвлэлийн газар удахгүй гаргах гэж байгаа. Түүнд монголын тухай гарна. IХ-ХIV зууныг хамрахыг хичээсэн. Тэгэхдээ энэ нь орос тал нутгийнхний түүх биш харин тэдний харилцааг түүхэн шинэ хандлагаар гаргах гэсэн юм. Уншигчид сонирхон угтах болов уу гэж найдаж байна. Түүхийг хүний ам даган бурах эсвэл сэтгэл хөдлөлд автан хадуурахын аль алины нь эсрэг үнэнээр нь учир шалтгааны бодит нөхцөлд авч үзэхийг л би эрхэмлэдэг. Энэ санаа л шинэ номын минь гол утга юм.
-Та ер нь Монголд очиж байгаагүй юмаа?
-Тиймээ очиж байгаагүй.
-Ийм их юм хийсэн, тэгээд бас монголыг ийнхүү гүнзгий судалдаг эрдэмтэн хүн тэр орондоо очиж үзэхгүй байх нь үнэхээр зохимжгүй. Яагаад та өдий хүртэл манайд очиж амжаагүй юм бэ?
-Амжаагүй юу байх вэ. Намайг ерөөсөө га­даадад гарахыг зөвшөөрдөггүй байсан. Сүү­лийн хэдэн жил л чөлөөтэй болж байгаа хүн шүү дээ.
-Та бас орон шоронд сууж байсан шиг билээ?
-Суухаар барах уу, 14 жил шоронд суулаа.
-Ямар хэргээр?
-Ямар ч хэрэг хийгээгүй мөртлөө суусан юм. Ер нь бол эцэг эхээсээ болж суулаа гэх үү дээ. Намайг хувьсгалын эсэргүүний хүүхэд гэж үздэг байлаа. “Ардын дайсны” хүү “ардын дайсан” гэж үздэг байлаа шүү дээ. Яруу найрагч ээж маань бас л эсэргүүний авгай, өөрөөр сэтгэгч, гаж буруу үзэлтэн гэж үзэгдэж байсан. Би аавыгаа сайн мэдэхгүй, намайг жоохон байхад цаазаар авахуулсан юм. Ээж дээрээ ч өсч хүмүүжээгүй, эмээгийнхээ гар дээр л хүн боллоо шүү дээ. Тэгэхдээ цорын ганц хүү нь юм чинь би ээжийгээ мэдэлгүй яах вэ.
-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
-Сонин хэвлэл дээр бишгүй л гарлаа. Би түүнээс илүү юм ярьж чадахгүй. Тэдний тухай хэвлэлд юу гэж бичдэг вэ? Хувьсгалын эсэргүү хэрэгт ял тулган Николой Гумилевийг 1921 оны 8-р сард буудан хороожээ. Одоо бол түүнд гэм буруу байхгүй гэж нотолж байна. Түүний хэрэг гэгч нь хувьсгалын эмгэнэлт алдаа байжээ хэмээн цагаатгасан юм.
Николой Гумилевтэи холбоотой зүйлүүд, ном зохиол нь олон арван жилийн турш хориотой байсан. Зарим нэг шүлэг найргийг нь хуулан авч, нууцаар гар дамжуулан уншиж байсныг эс тооцвол Оросын уран зохиолын яруу тансаг хуудсууд болсон түүний бүтээл хаалттай байлаа. “Советский писатель” хэвлэлийн газар “Шүлэгчийн номын сан” цувралдаа түүний бүтээлийг аль болох бүрнээр нь хэвлэж байна. “Современник” хэвлэлийн газар ч “Феникс” /Галт шувуу/ хэмээх цувралаараа хэвлэн гаргасан. Шатаачихаад байхад үнснээсээ амилан босдог домгийн ид шидтэй шувуугаар уг цувралыг нэрлэсэн нь бас учиртай биз. Зөвхөн Николай Гумилев ч биш түүн лүгээ адил дарагдаж байсан олон сайн зохиолчдын бүтээлийг энэ цувралаар гаргах ажээ. Профессорын ээж Анна Андреевна Ахматова 100 жилийн өмнө Одессийн ойролцоо чөлөөнд гарсан тэнгисийн цэргийн инженер-механикчийн гэрт мэндэлж, тариачны хүүхдийг сургах гэж Лев Толстойн зохиосон цагаан толгойгоор уншиж бичдэг байжээ. Тавхан насандаа Францаар ярьж сурсан байна. Арван нэгтэйдээ анхныхаа шүлгийг бичсэн. 1910 онд Л. Гумилевтэй ханилан сууж 1912 онд “Үдэш” нэртэй анхны шүлгийн номоо хэвлүүлжээ. “1912 оны аравдугаар сарын нэгэнд миний хүү Лев төрсөн” гэж орчлонгийн жаргал эдэлж яваа эхийн сэтгэлээр их баяр хөөртэй бичжээ. Англи, франц, итали, испани хэл мэддэг, тун өргөн мэдлэг боловсролтой хүн байжээ. Анна Ахматова нарийн төвөгтэй, хатуу ширүүн амьдралыг туулан өнгөрөхдөө ямарч хүнд бэрх үед тэргүүнээ гудайлган, санаа сэтгэлээр унаж байхыг нь үзээгүй билээ гэж үе тэнгийнхэн нь бичсэн байх юм. Төрөлх нутаг Орос орондоо элгэн халуун хайртай яруу найрагчийн шүлэг зохиол нь Зөвлөлтийн уран зохиолын ховор нандин сувд эрдэнэ мөн. Түүний цаглашгүй авьяас, эрдэм чадварыг гадаад орнууд өндрөөр үнэлж байлаа. Итали улс Анна Ахматоваг Этна-Таормины шагналаар шагнаж, Оксфордын их сургууль хүндэт докторын дипломоо гардуулж байжээ. Яруу найрагчийн мэндэлсний 100 жилийн ойгоор шүлэг найргийг нь олон мянган хувиар хэвлэн уншигчдийн гарт хүргэн, амьдарч ажиллаж байсан газруудад нь музей, дурсгалын самбар босгон газар хурал цуглаан хийж ёслол төгөлдөр тэмдэглэв. Гумилевийнхний тухай товчхон өгүүлбэл ийм байна. Ленинградын их сургуулийн профессор Лев Гумилев нас сүүдэр дээр гарсан ч /77настай/ тэнхлүүхэн байна. Бахимхан биетэй, үсээ хажуу тийш самнасан, ухаалаг хэрсүү харцтай энэ эрдэмтэн Монголд ингэтлээ элэгсэг сэтгэлээр ханддаг болсон нь манай улсын эртний болон дундад үеийн түүхэн үйл явдлын түүхэн улбааг эрдэм судлалын нөр их хөдөлмөрөөр нарийвчлан тодотгож, түүнийхээ амтыг авсных бизээ. Энэ эрдэмтэн -түүхч, бас газар зүйч хүн учир түүхэн үйл явдал болсон газар орныг будилуухан аяны хүнд зам зааж өгч буй их талын гярхай малчин шиг тов тодорхой зураглах нь гайхамшигтай. Зам ч чухал зүйл мөн. Дорно өрнийн их соёл иргэншил торгон замаар л бие биенээ олсон. Торгон зам дундад үед бүдгэрсэн шалтгааныг зарим эрдэмтэн Чингисийн эзэнт улсын довтолгооноос эсвэл далайн аялал хөгжин шинэ тив газар орныг мэдсэн газар зүйн их нээлтээс болсон байж мэднэ гэж үздэг. Чингисийн эзэнт улсын түүхийг газар зүй, амин судлалтай холбон судлагч их эрдэмтэн Л.Н.Гумилев одоо л нэг өөрчлөлт шинэчлэлийн цэвэр цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж байх шиг санагдлаа.


Философийн ухааны дэд эрдэмтэн Д.Нямсүрэн
1989 оны наймдугаар сарын 27

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан