Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮРГЭЭНТЭЙ ЖИЛҮҮДЭД НҮСЭР АЖЛУУДЫН АРД ГАРСАН МААНЬ БАХАРХАЛ

Хийж бүтээх их эрч хүч, оргилуун хүсэл тэмүүллээр дүүрэн идэр залуу насандаа Ардчилсан хувьсгалыг манлайлан, аймаг нутгийнхаа аж амьдралыг үндсээр нь өөрчлөн тохинуулж, нэгдлийг тарааж явсан ардчилагч, эрдмийн үрийг тарьсан физикийн багш төдийгүй  боловсролын салбарыг шинэчлэгч, цогцолбор сургуулийг Монголд санаачлан үүсгэн байгуулсан нэгэн эрхэмтэй уншигч та бүхнийг танилцуулахаар энэ дугаартаа урьсан юм.   

Түүнийг Сономпунцагийн Гомбодорж гэдэг. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат. Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг 1977 онд, МУИС-ийн физикийн ангийг 1982 онд онц дүнтэй төгссөн, физикч, физикийн багш. 1982 онд төрөлх сумандаа физикийн багшаар, 1987 оноос Завхан аймгийн боловсролын хэлтэст боловсон хүчин хариуцсан байцаагчаар,  1991 онд Нийслэлийн 10 жилийн 21 дүгээр сургуулийн захирлаар, Монголын Ардын аж ахуйтны холбооны дэд тэргүүнээр, “Монголын хөдөө” сангийн захирлаар, 1996 оноос Нийслэлийн 10 жилийн 82 дугаар сургуульд физикийн багшаар, 1997 оноос Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын “Ирээдүй” цогцолборын Ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрбээр одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна. “Ах нь яагаад ч юм дандаа тарааж л явжээ” гэж  хошигносоор ярилцлага маань эхэлж ардчиллын тухай сэдвээр өрнөсөн юм. 
 

-Та Монголын Ардчилсан холбоотой амьдралаараа яаж холбогдсон юм бэ?
-Ер нь бидний үеийн залуус ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтыг талархан дэмждэг байлаа шүү дээ. 1989 оны нэг өдөр  Завхан аймгийн Туяа сумын соёлын төвийн эрхлэгч байсан  Лутбаяр маань намайг дуудлаа. Очтол “Хөгшин чинь их сонин хуралд суугаад ирлээ” гэв. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнд Лутбаяр Завханаас ганцаараа очиж суужээ. “Уур амьсгал их өөрчлөгдсөн байна. Завханы харьяат өндөр горгор залуу шууд том улсуудын дэргэд “Улс төрийн товчоо огцрох ёстой, бид Ардчилсан холбоо байгууллаа” гэж ярьж байх юм. Тэгээд би жаахан материалтай ирлээ. Энэ их сайхан байгууллагыг хоёулаа Завханд байгуулъя” гэлээ. Тэр нөхөр нь Дарь.Сүхбаатар. Тэгээд бид хоёр Завханд Ардчилсан холбооны салбар байгуулсан. 
-Хэдэн онд вэ? Та тэр үед яг ямар ажил хийж байсан бэ?
-1989 он. Завхан аймгийн Боловсролын хэлтэст боловсон хүчин хариуцсан байцаагчаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл аймгийн захиргааны ажилтан гэсэн үг. Тэгээд би 12 дугаар сарын эхээр багш нарын тайлан тушаах бас бус ажлаар хотод ирээд  1 дүгээр сарын 7, 14-ний цуглаануудад оролцоод хүмүүстэй уулзаж эхэлсэн юм. Энэ үед Гончигдорж багш, Улаанхүү нартай тааралдахад физикч, математикийнхан бүгд соцдек болсон шүү гэж байлаа. Тэгэхэд миний үзэл бодолтой  Ардчилсан холбоо л тохирч байсан юм. Тиймээс Завхан аймагтаа бүх хүмүүст Ардчилсан холбооны тухай ярьдаг, хотоос ямар л материал ирнэ, хүмүүст тараадаг, өрөөндөө хүн цуглуулдаг, багш нарыг дууддаг байлаа. Лутбаяртайгаа хоёулаа Ардчилсан холбоо байгуулах  гэтэл түүнд маань бололцоо тааруухан. Яагаад гэхээр хадам аав Бунд нь Аймгийн намын хороонд үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга. Гэр бүлийн хувьд зөрчил гарч эхэлнэ шүү дээ. Хүнд үе. Гэвч залуус нэг үйл хэргийн төлөө зориглож хэсэг сэхээтэн багш нарыг уриалж чадсанаар дэлгэрсэн. 
Үзэл санааны том өөрчлөлт гарсан шүү дээ. Их хурлын гишүүн байсан Батцэрэг гэж тэр үед хоёрдугаар арван жилийн орос хэлний багш, Дэмид гэж Завханы доктор, нэгдүгээр арван жилийн сургуулийн багш, Нямжав гээд одоо талийгч болсон, Өсвөрийн зохион Бүтээгчдийн сургуульд захирал дандаа багш нар. Харин тэдний дотор Германд сургууль төгссөн миний найз Дорж гэж цаг уурын инженер залуу байсан. Лутхад, Цэвэлжид, Төмөрхуяг гэх зэрэг арваад залуучууд сургууль дээр цуглаж ярилцсаар байгаад Ардчилсан холбоог хоёрдугаар сарын үед Завхан аймагт байгуулсан юм. Аймгийн захиргааны ажилтан тул бас болдоггүй. Нөгөөдүүлээ зохион байгуулалтад оруулах гэж их зүтгэсэн. 
Би ажлын шугамаар хөдөө явдаг байсан маань их боломж олгоно. Сум бүрт биечлэн МоАХ-ны салбарыг байгуулж явлаа. Зөвхөн Ардчилсан холбооны салбар байгуулахын зэрэгцээ биднээс ургаж гарч байсан шинэ хүчнүүдийг, Соцдек, МҮДН-ыг хүртэл байгуулж явлаа. Энэ үед Багшийн дээд сургуульд багш байсан Мөнхбаатар гэж сүүлд Радио, Телевизийн хорооны дарга болсон залууг, ШУТИС-ийн багш байсан Очирбат гуайг машиндаа суулгаж аваад явдаг байв. Очирбат гуай социал демократ. Өөрөөр хэлбэл ерөнхийдөө дэмжсэнийг нь МоАХ–д элсүүлэх, бүр нарийсаад Соцдек, МҮДН–нд элсүүлэх олон сонголттой явжээ. 
-Завхан аймагт өөрчлөлт шинэчлэлт хэрхэн өрнөв? Жагсаал, цуглаан болж байв уу? 
-1990 онд нэгдлийг тараах хөдөлгөөн өрнөсөн дөө.  Завханд өлсгөлөн болж байлаа. Бүжинлхам, Батболд, Цэвэлжид гэдэг гурван хүн “Нэгдлийг тараах, малыг малчдад өгөх” уриан дор өлсгөлөн зарласан юм. Тосонцэнгэлд Учралын Батсайхан гэдэг залуугийн тэргүүлсэн өлсгөлөн болж байлаа. Завханд Элбэгдорж, Хонхын Цогтсайхан нар очсон. Төвөөс хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол сахал Батчулуун, Дарь.Сүхбаатар нар. Ардчиллын төлөө үзэл санааг дэмжиж хүмүүс их л зүтгэсэн дээ. 

Малчдад малыг нь өмчлүүлэв

-Нэгдлийг тараах үйл явц амьдралд хэрхэн өрнөж байв?
-1990 онд Завханы Яруу, Их Уул, Увсын Зүүнговийн хэсэг малчид анх уриалга гаргасан юм. “Малыг малчдад” гэдэг урианы эзэн Цэнддоо шүү. Ингээд хөдөлгөөн өрнөсөн. Бид Ардчилсан Холбооны II их хурал дээр анх удаа “Ардын аж ахуйтны холбоо” гэж байгуулснаа зарлаж байлаа. Ганхуяг гээд залуу нэгдүгээр арван жилд физикийн багшаар ажиллаж байгаад цэрэгт явж ирээд Завхан аймгийнхаа МоАХ-ны даргаар сонгогдсон. Удалгүй Ганхуяг маань хотод Ардын аж ахуйтны холбооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Би мөн 1991 онд хотод орж ирээд 21 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байтал Ганхуяг “Та наад ажлаасаа гарчих. Хоёулаа нэгдлийг тарааж мал хувьчлах ажлыг зохион байгуулъя” гэлээ. Тэгээд би 1992 оны тавдугаар сард ажлаасаа гараад Ардын аж ахуйтны холбооны дэд тэргүүн бөгөөд Монголын хөдөө сангийн захирал хэмээх үүрэг гүйцэтгэсэн. 
-Энэ ажлыг хэрхэн зохион байгуулсан талаараа дурсвал?
-Бид өөрсдийнхөө үйл ажиллагаа, бодлогыг танилцуулах үүднээс олон малчидтай уулзаж, нэгдлийн дарга нартай их шөргөөцөлддөг байсан даа. Арга ч үгүй биз. Тэгээд Малчдын анхдугаар зөвлөгөөн зохион байгуулсан юм. Хоршооллууд бий болгохын төлөө маш их ажилласан. Ингээд нэгдлүүд тарж эхэлсэн. Гэхдээ нэг юманд одоог хүртэл харамсдаг. Тэр нь юу вэ? гэвэл Ардын аж ахуйтны холбооноос өмч хувьчлалын комисст хандсан байшин барилга, үл хөдлөх хөрөнгүүд, хашаа, худгийг сумын захиргаанд нь шилжүүлье гэдэг санаачилга байсан юм. Бий болгосон баялгийг устгаж болохгүй, харин бусдыг нь хувьчилъя гэтэл Хөдөө аж ахуйн яамнаас “Хөдөө аж ахуйн нэгдлийг гишүүд нь мэднэ” гэдэг ганцхан шийдвэр гаргасан. Тэгээд л нэг хэсэг завхруулсан даа. Тэр сайхан хашаа, худаг, нийгмийн өмч хөрөнгө бүгд үрэн таран болоод л дууссан. Гэхдээ яахав өөрчлөлт шинэчлэлтийг дагаад нэгдэл ч тарсан. Малыг малчдад өгсөн. Яаж огцом өсч байгаа билээ дээ. Тодорхой үр дүнтэй. 
-Тэр үед өөр ямар зөрчил, тэмцэл, бэрхшээл гарч байв? 
-Хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь тухайн үеийн нэгдлийн дарга нар шүү. Хувьсгалт намын гишүүн, дарга нар л эсэргүүцэж байсан. Тэдний эрх ашиг хөндөгдсөн хэрэг. Зөв зүйтэй санаачилга гаргаж хурал хийн оновчтой зохион байгуулалттай тарж байсан газрууд бий. Хүмүүсийг маш ихээр хэлмэгдүүлж гомдоосон байдал олон гарсан. Харин нэгдлийн дарга нар эндээс ихээхэн баяжсан. 
-Тэгш хуваарилалт хийж чадаагүй юм байна. Тийм үү? 
-Яагаад гэвэл тэр хүмүүст эрх мэдэл нь байсан юм. Малчдад 20, 30 хонь өгөхөд баярлаад л яваад өгнө. Харин нэгдлүүд хөдлөх хөрөнгүүд ихтэй байсан. Жишээ нь зарим нэгдэл агуулах дүүрэн бараа материалтай байсан нь хэсэг хүний гараар ороод устсан. Үнэхээр тийм юм болсон. 1993 онд Баянхонгорт аймшигтай зуд тохиосон шүү дээ. Тэр зуднаар Баянхонгорын малчдад туслах аян бид зохион байгуулсан юм. Хөдөө сангийн дэргэд Малчдад туслах сан байгуулж нүдний шил, лаанаас авахуулаад зөндөө л юм цуглуулсан. Эрдэнэт үйлдвэр 120 тонн будаа, 120 тонн гурил, 18 мянган орос хром гутал хандивлаж Эрдэнэтээс цуваагаар Баянхонгорын малчдад хүргэн тараасан юм.
Тэр үед аймаг бүр чадах чинээгээрээ талх, түлээ нүүрс гээд л чадах бүхнээрээ туслаж байлаа. Гэтэл Баянхонгорын  зарим дарга нар нь хувьдаа завшиж зарсан. 
Бид Галуут, Гурванбулаг, Баянбулаг гээд бүх сумдаар өөрсдөө явж тараасан. Унах унаагүй тул хамаатны хүнээсээ УАЗ 69 машин гуйж аваад аянд явж байлаа. Сэтгэл зүрхээ зориулж, бүх үйл хэрэгт манлайлсан.
-Улсын хэмжээгээр нийт хэдэн нэгдэл байсан бэ? Тэр бүхнийг тараах нүсэр  ажлыг та бүгд хэрхэн зохион байгуулав? 
-300 гаруй нэгдлийг өөрчлөн зохион байгуулахын тулд бодлогоо малчдад хүргэх хамгийн чухал ажлыг л бид хийж байсан юм. Чимэддорж гуай, Цагаан гуай, Баярсайхан гээд Монголын радиогийн хэд хэдэн сурвалжлагч нар “Малчин” нэвтрүүлгээрээ энэ тухай л ярьдаг байсан нь хүмүүсийн үзэл бодолд нөлөөлсөн болов уу. Янз бүрийн алдаа, оноотой цаг үеийн шаардлагыг биелүүлсэн буянтай бахархмаар үйл хэрэг байсан юм. 
-Тэрийг энийг ингэж зохицуулсан бол ч гэж бодогдох үе гардаг уу? 
-Сүүлд би нэлээд олон аймгаар явж харахад хамгийн харамсалтай нь худаг, хашаа, байшин тариалангийн талбай, усалгааны систем гээд дандаа нэгдлийн өмч байсан зүйлс бүгд устжээ. Тэрийг сэргээх гэж одоо яаж зовж байна. Нэгдлийг төрийн мэдэлд авсан бол энэ бүхэн алга болохгүй байх байсан. Тэр үед бидний бодлого  хоршоологчдын холбооны эсрэг бодлого болдог. Нэгдлийн хорооны дээд зөвлөл гэж байгууллага нэгдлийн дарга нарын эрх ашгийг хамгаалдаг. Баянхонгорын малчидтай зудны үеэр уулзаж хонож өнжиж явахдаа үзээгүй юмаа л харж байлаа. 600-700 малнаас 30 хүрэхгүй л үлдсэн, үхсэн малаа овоолоод хураачихсан, малчид унь, орныхоо нүүр гээд юу байгаагаа түлэх жишээтэй. Зүрх  шимширмээр зүйл олон таарсан. Малчдын амьдрал хэзээд ч их эрсдэлтэй, байгалийн эрхшээлд байдаг эд.
-Нэгдлийг тараагаад, оронд нь та нар юу санал болгож байв?
-Бид хоршоолол зохион байгуулсан юм. Хоршооллын дүрэм батласан. Конрад Аденаурын сангийн туслалцаатай хоршооллын дүрэм боловсруулаад, ганц нэг хоршоолол байгуулж үзсэн. Малчдад туслах үүднээс хоршооллын анхны зөвлөгөөн ч хийж байлаа. Тэгээд цаашаа олигтой яваагүй л дээ.  Би 1996 онд гараад явснаас хойш Ганхуяг УИХ-ын гишүүнээр сонгогдоод түүнээс хойш Ардын аж ахуйтны холбоо унтарсан. 
-Одоо ч гэсэн малчид сайн зохион байгуулалтад орж чадаагүй нь ямар шалтгаантай вэ? Бэлчээрийн, экологийн гээд маш олон асуудлууд тулгарлаа? Таны бодлоор хэрхэх нь зүйтэй вэ? 
-Бидний 1993-1994 онд суурийг нь тавьсан хоршооллыг л жинхэнэ утгаар нь байгуулж, хамтын зохион байгуулалтад зайлшгүй орох хэрэгтэй. Малын түүхий эд борлуулдаг, өвс тэжээлээ хамтарч бэлтгэдэг, бэлчээр оновчтой зохион байгуулж чадах зүйл бол хамтын хүч. Ийм зохион байгуулалтад зайлшгүй орох хэрэгтэй. Бэлчээрийн асуудал үнэхээр хэцүү. Мал өсөөд байгаа нь үнэн. Бид нарын тэр үед санаачилсантай төстэй хуулийг өмнөх парламентаар л баталж харагдана лээ. Их удаан байна. Батцэрэг, Цэвэлжид, Ганхуяг, Бяхаржалбуу гээд үе үеийн Завханы МоАХ-ны дарга нар их зүтгэсэн.
Би янз бүрээр хэлүүлсэн ч одоо зөв юмны төлөө л явж дээ гэж сэтгэл сайхан байдаг. Тухайн үеийн аймгийн дарга Очирбат харин эсэргүүцдэггүй, дэмждэг алсын хараатай, зөв бодлоготой хүн байсан. 
-Хөдөө аж ахуйн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар нэлээд ярилаа. Та багш  сурган хүмүүжүүлэгч хүн боловсролын салбарт хэрхэн ажилласан талаараа ярьж өгнө үү?
-Би физикч, багш хүн л дээ.  Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нар миний дээд анги. Боловсролын салбартай залуу насандаа холбогджээ. Аймгийн боловсролын байгууллагад ажиллаж удирдаж явлаа. Завхан аймгийн боловсролын байгууллага тухайн үед үлгэр жишээ, багш нар гайхамшигтай чадварлаг, тэргүүний сэхээтнүүд байлаа. Сэтгэлээ шингээж хүүхдийн төлөө ажилладаг. Хэнтий, Завханы боловсролын байгууллага хамтран радио дуудлагын уралдаан хүртэл зохион байгуулсан.
-Радио уралдаан гэдэг нь ?
-Радиогоор хоорондоо холбогдоод ярилцан, хоёр боловсролын байгууллага хамтарч ажлаа явуулдаг байлаа. Тэр үедээ дэвшилтэт санаачилга. 
1991 онд хотод арван жилийн 21-р сургуулийн захирлаар ажиллах үед надад ганцхан зүйл бодогдож байсан нь Ерөнхий боловсролын сургуулийг өөрчлөх ёстой л гэсэн санаа. Боловсролд өрсөлдөөн огт байхгүй бүтэц нь болохгүй байсан. Бахь байдгаараа, унтаад байгаа юм шиг. Найз нөхөд, бүх хүрээнийхэн маань боловсролоор өвчилсөн үе. Нэг зүйл олж харсан нь 10 жилийн сургуулийг дотор нь задалж зохион байгуулъя гэдэг бодол. Ингээд 21 дүгээр сургуулиа Монголд анх удаа гурван сургууль болгож бүтэц, зохион байгуулалтад оруулсан. Хоёр  арван жилийн сургууль, гимнастикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангиас нь авдаг ангиуд байсан. Тусдаа байртай учир бага сургууль болгоод, 3 сургууль зохион байгуулсан юм. 2 арван жилийн сургууль нь 3 давхар байртай хаалгыг нь өөр болгоод, тус тусын заадаг багш нар өөр байхаар зохион байгуулсан. Хичээлийн хуваарь, хөтөлбөр нь тусдаа. Бүлгийн тоо, багш нарын тоог нарийвчилж гарган эрхлэгч нарыг нь тухайн сургуулиудын захирал болгож томилсон. Тэгээд хөөцөлдсөөр яваад Боловсролын яамны Багшийн их сургуулийн түшиц сургууль болгосон шүү. 

Хүүхэд бол сургуулийн эзэн

-Багш нар өөрчлөлт хэрхэн хүлээн авч байв? 
-Хүүхэд байгаа учир багш байгаа. Гэхдээ би багшийг шалгалтаар эрэмбэлэх, сайн муу гэж үнэлэхийн эсрэг байдаг. Энэ бол утгагүй зүйл. Харин үнэхээр багш эсэхийг хүүхдээр нь өөрт нь мэдрүүлэх л арга гэж ойлгодог. Одоо ч энэ хэвээрээ л байна. Нэг сургуулиас нөгөө сургуульд хүүхэд шилжиж болно. Тааруухан заавал хүүхэд сайн багш руу очдог. Тэгэхээр багш нартаа ажилгүй болвол яах вэ? Хүүхэдгүй болвол яах вэ гэдэг шаардлага тавихаар эмзэглэж эхэлдэг. Боловсролын яамны сайд Даваасүрэн гуай гэж их мундаг хүн Багшийн Их сургуулийн декан болсон байсан. Тэр хүнтэй очиж уулзаад зөвлөгөө авдаг байлаа. 
-Хэдэн цогцолбор сургууль байгуулагдаж байсан бэ? 
-21 дүгээр сургуулийг гурван сургууль болгоод Ганхуяг бид хоёр боловсрол сурган хүмүүжүүлэх чиглэлээр ажилладаг эрдэмтдийн клуб Бандий гуай, Ванчигсүрэн гуай нар ирдэг байлаа. Бэгз гуай мөн хааяа ирдэг. 1992 оны намар ерөнхий боловсролын сургуулийг тэглэх хувилбар гаргаж ирсэн. Сургалтыг түр зогсооё. Энэ хугацаанд хүүхдүүдийг нэг жил гэрт нь байлгая. Энэ хугацаанд программ стандарт  боловсруулж, багшаа бэлтгэе гэж ярьсан юм. Хотод бага, дунд, ахлах сургууль ямар байх вэ? Сумуудад бага, дунд сургууль ямар байхав гэдэг өөрсдийн хувилбар дэвшүүлсэн юм. 
Радиогийн сурвалжлагч Мөнхтөртэй “Цагаан цаасан дээр юу ч бичиж болдог гэнэм” гээд 45 минутын нэвтрүүлэг хийж байлаа. Нэгдлийг өөрчлөн байгуулахын хажуугаар боловсролыг яах вэ? гээд л ярьж хийж яваа нь тэр шүү дээ. 
1996 онд Гантөмөр гээд найзынхаа хүсэлтээр 82 дугаар сургуульд цагаар физикийн хичээл зааж Монголын багш нарын VI их хуралд 82 дугаар сургуулиас оролцсон юм. Энэ хурлаар Монголын Ерөнхий боловсролын сургуульд ямар өөрчлөлт хийх талаар хөтөлбөрөө санал болгож хэрэгжүүлэхээр цогцолбор сургууль байгуулна гээд явсан. Тэр үед Боловсролын сайд Лхагважав гуай маш зөв бодлого барьж шинэтгэлийг доороос л эхэлнэ, дээрээс  албаар хийсэн шинэчлэлүүд хамгийн уртдаа 4, 5 жил болоод л замхарна, дээрээс нь хийж болохгүй гэж үзэж байсан юм. Багшийн хувьд сургуулийг шинэчлэх хөтөлбөр боловсруулаад зүтгэж эхэлсэн нь дэмжлэг авсан. 
-Та яагаад цогцолбор сургууль байгуулъя гэж бодох болсон бэ? Дэлхийн жишигт ойртох гэсэн юмуу? Хаанаас ийм санаа танд төрсөн бэ?
-Өмнө би 21 дүгээр сургуульд хийж байсан. Ер нь сургууль гэдэг бага, дунд, ахлах сургууль гэж тусдаа байх хэрэгтэй гэж бодсон юм. Бага ангийнхан тусдаа нэг сургууль, дунд, ахлах мөн адил. Ганхуяг мундаг дэлхийн жишиг ийм гээд хамтдаа ярилцан, санаагаа солилцдог байлаа. Энэ дагуу олон газрыг судлаад нэгдүгээр хороолол,  Баянгол дүүргийн гурван сургууль, Дорнод аймаг, Багануурт боломжтой гэж үзсэн. Бусад сургуулийг 21 дүгээр сургуульд хийсэн шиг дотор нь задалж 3 хэсэг болговол үр дүнтэй гэж бодсон. 
-Таны энэ саналыг хүмүүс хэр зэрэг хүлээж авсан бэ?
-Нэг ч хүн ойлгохгүй байсан. Ганцхан яаманд ажиллаж байсан Бандий гэж хүн л дэмжиж байсан. Хүмүүс 3 сургуулийг нэгтгэх юм байна л гэж ойлгоод л шинэчлэл гэж харсан. Миний бодож төлөвлөсөн бол их өөр өргөн хүрээтэй. Тэгээд аргагүйн эрхэнд намайг дагаж юм хийсэн дүр үзүүлж, цогцолбор сургууль олноор байгуулж эхэлсэн.  Азаар Сонгинохайрхан дүүргийн захиргаанд Ардчилсан холбооныхон, бидний найз Равдандорж, Гантөмөр нар, Ганхуяг, Алтанхуяг нар УИХ-ын гишүүн байсан. Энэ хэдийнхээ хүч дэмжлэгийг авдаг байлаа. Сонгинохайрхан дүүрэгт уулзалт хийнэ. Ганхуяг, Алтанхуяг нар ирнэ. Тэд заримдаа сайд нарыг ч дагуулна. Хамгийн их эсэргүүцдэг хүмүүс нь сургуулийн захирлууд байсан юм шүү. Олон хүний дэмжлэгээр, уйгагүй ярилцлагын дүнд цогцолбор сургуулиа байгуулсан даа. Зургаан 10 жилийн сургуулийг нэгтгээд цогцолбор сургууль байгуулахдаа Монголын боловсролын тогтолцоог 12 жил болгоно гэдэг саналаа тавьсан.  
- Хэдэн онд бэ? 
-1996 онд. Нэг цэцэрлэгийг татан буулгаад бага сургууль болгосон юм. Тэнд 6 настай хүүхэд авах зорилготой. Сургууль цэцэрлэгээ “Ирээдүй” гэж нэрлэсэн. Намайг гарснаас хойш Ирээдүй цогцолбор нэртэй болсон. Цэцэрлэгийн ахлах хоёр бүлгийг нэг хоёрдугаар анги болгоод бага сургуулийн бүтэц 6 ангитай болно гэж тооцсон юм. Хүүхдийг цэцэрлэгийн орчинд бэлтгэе гээд цэцэрлэгт анхны хоёр бүлэг элсүүлж байлаа. Үүнээс хойш 10 жилийн дараа дөнгөж сая зургаан настай хүүхэд авч эхэлж байна. Цэцэрлэгийн орчинд, тоглоомон дунд нь анхны үсэг тоог зааж сургах л санаатай. Дэлхийн жишигт ойртуулах гэж л бүхнийг хийж байсан. Гэтэл арван жилийн дараа сургуулийн ариун цэврийн өрөөг зургаан настай хүүхдэд тохируулж өөрчилж эхэлж байна. Боловсролыг бизнес болгож байгаагийн л нэг жишээ. Цэцэрлэгийн хамрах хүрээг өргөтгөж цэцэрлэгийн нөөц бололцоог яагаад ашиглахгүй байгаа юм бэ?
-Одоо долоон наснаас хүүхдийг сургая гэж ярьж байна. 
-Энэ бол ухралт. Хөдөө буруу зохион байгуулж байгаагаас залуу гэр бүлүүдэд дарамттай, төвөг чирэгдэл их учруулдаг. Хөдөө явуулын багш ажиллуулаад, зургаан настай хүүхдүүдэд хичээл заалгаж болно шүү дээ. Өнгөрсөн жил цогцолбор сургуулийг тарааж гурван сургууль болчихож. Цогцолбор гэдэг утгаа алдсан нь хамгийн харамсалтай. 

Боловсролын шинэчлэл

 -Та сургуульдаа ямар ямар шинэ зүйл нэвтрүүлж амжив? 
-Цогцолбор сургууль өөрөө мэргэжлийн боловсролын төв байх ёстой гэж бодож байлаа. Хөдөлмөрийн хичээлийг өөрчилж есдүгээр ангид авто машины засварчин, аравдугаар ангиа төгсөөд автомашины жолооч, зарим хүүхэд үсчин болж байлаа. Коллеж болгох гэх мэт олон оролдлого хийж, урлан байгуулж уран зураг, хөгжмийн анги, загварын дугуйлан нээгдэж байсан. Энэ өөрчлөлтийн үр дүн Ариунаа Сури, Катя Зол, Торго салоны Болд. Сургуулийн анхны веб сайттай болгож, компьютерийн төвүүд байгуулж байсан. Биеийн тамирын хичээлийг клубын системд шилжүүлсэн. Чөлөөт бөхийн тамирчин Авирмэдийн Энхээ гэж хэвтрийн хүнийг чөлөөт бөхийн клубын багшаар сонгож, туслах багшаар нь П.Сүхбатыг авч хоёр гавьяатын бөхийн клуб байгуулсан нь одоо ч явж л байна. Дараа нь Доржжүгдэр багштай Волейболын клуб, Сэржмядаг багштай шатрын клуб байгуулсан. Шатрын спортыг тусгай хөтөлбөрийг сургалтанд оруулж, сургуулийг дотоод дүрэмтэй болгож, ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулсан. Цогцолбор сургуулийн дэргэд эрдэмтдийн зөвлөл бий болгосон. Одоо харахад зөв голдрилдоор явсан гэж бахархдаг. Ер нь Монголын  боловсролын системд хамгийн урт удаан тогтсон шинэчлэлт бол энэ. Яагаад гэхээр улсын хэмжээний бүх сургуулийн 30 хувь нь цогцолбор сургууль. Зарим шүүмжлэлтэй хандмаар зүйл ч байдаг. 
-Монголын боловсролын салбарт засч залруулмаар санагддаг зүйл юу байдаг вэ? 
-Хэд хэдэн зүйлийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, Боловсролын салбарт төрийн зүгээс үүсгэсэн ялгаварлалыг арилгах ёстой. Кембридж лаборатори сургууль нэрээр хүүхдүүдийг ангилахаа болих хэрэгтэй. Үлдэж байгаа хэсэг нь борчуудын сургууль болох нь л дээ.  Дор хаяад сургуулиудынхаа хаягийг бүгдийг нь өөрчлөх хэрэгтэй. Бүх сургуулийн үүдэнд дүүргийн тэргүүний сургууль гэж бичсэн байгаа. Баахан дүүргийн нийслэлийн, хотын, улсын тэргүүний сургуулиуд. Ангид орно тэр чигээрээ медаль, баярын бичиг, учир нь олдохгүй олон уралдаан, тэмцээн. Хамгийн эмгэнэлтэй нь боловсролыг бизнес болгожээ. Олимпиад зохион байгуулна - мөнгө, бэлтгэнэ - төлбөр. Багш ажилд авна - авилгал. 1, 2, 9 дүгээр ангиудад хүүхэд элсүүлнэ -  авилгал. Ийм байж таарахгүй. 
Боловсролын хуулинд ойрын хугацаанд маш яаралтай хийх өөрчлөлт нь захирлуудыг яамнаас томилохыг зогсоох. Сургуулиудад зөвхөн харьяаллын хүүхэд авах шаардлагатай. Хувийн сургуульд болно. Харин харьяаллын бус хүүхэд улсын сургуульд явж болохгүй. Энэ бол авилгалыг төрүүлдэг. Бага ангид нэг багшийг дагаж 5 жил сурах явдал байж таарахгүй. Ингэхээр нөгөө хүүхдүүдийн маань олон хүнтэй харилцаж сурах, нийгэмшихэд саад учруулдаг. Нэг хүний дарамтанд л байна. Анги бүрт өөр багш байж, багшийг мэргэшүүлэх хэрэгтэй байна. Монголын бүх хүүхэд боловсролын ижил үйлчилгээ авах эрхтэй. Гадуур явахаар “хүүхдийн хоцрогдол арилгана” гэсэн зар энд тэндгүй. 
Сургуулиудад хоцрогдол арилгадаг мэргэжилтэн бий болгох ёстой. Сургууль өөрөө яагаад хоцрогдож  байгаад санаа тавих хэрэгтэй. Сайн, муу гэдэг ойлголтыг хүүхдийн дунд хориглож шалгалт дээр ч яригдах ёсгүй. Харин хоцрогдсон хүүхдээс жаахан ахиц ажиглагдаж байгааг анзаарч, тэтгэж өгч чадвал тэр сайн багш. Хамгийн гол бэрхшээл багш бэлтгэх тогтолцоонд байна. Багшийг хувийн их дээд сургуулиудаар биш МУИС, БСШИС-аар багш бэлтгээд, улсаас стипенд олгох хэрэгтэй. Сургуулийн захирал багш  ажилд авдаг байдлыг бүрмөсөн зогсоох хэрэгтэй. Үүний оронд Боловсролын газар боловсролын газраас тэнд очиж ажилла  гэсэн томилолт өгч байж боловсролын тогтолцооны нэр хүндийг аварна. Монголын боловсролын тогтолцоо өөрийн гэсэн онцлогтой, бусдаас ондоо болгоныг ялгах гээд байдаг. Ямар ч хоцрогдол, доголдолтой, онцлогтой байсан ч  бүгдэд ижил боломж олгодог, хөгжүүлдэг тогтолцоо байх хэрэгтэй. 

Ярилцсан: П.Норвоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан