УИХ-аар 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын төсөлд УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тухайлбал, Нийслэлд газар чөлөөлөхөд шаардлагатай 584 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор оруулж ирснийг өчигдөр УИХ-ын чуулганы явцад хэлэлцсэн. Энэ өвөлд амжиж шийдэх ёстой яаралтай хэрэг мөн үү гэх УИХ-ын гишүүдийн асуултад нийслэлийн хариуцсан мэргэжилтнүүд нь оновчтой хариулт өгч чадсангүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэдэнтээ нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг сураглав. Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хот хүртэл дагаж, УИХ-ын тойргийг нь авсан П.Сайнзориг асуулт асуухаар нэрээ өгсөн хэдий ч нийслэлийн удирдлагуудын өмнөөс тайлбар хийв. Тэрээр “Нийслэлийн газар чөлөөлөлтийн асуудлыг энэ удаад төсвийн тодотголоор оруулж ирсэн байгаа. 2000 оны эхээр өмчлүүлсэн газар маань эдийн засгийн эргэлтэд орж байна гэдэг талаас нь хараасай. Мөн бөөгнөрсөн дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэх бөөрөнхий тайлбар чулуудав. Ер нь бол асуудал унах нь тодорхой болсон. Гэтэл 584 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байхад нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд “төсвийн тодотголоор шийдэгдчихвэл аз, шийдэгдэхгүй бол тэр л биз” гэсэн өнгө аясаар хандсан нь хачирхалтай. Үнэхээр шаардлагатай бол асуудлаа яриад төсвөө хамгаалах ёстой. Гэвч тэр энэ удаад тэгсэнгүй.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа гишүүн Х.Нямбаатарыг нийслэл рүү “томилохдоо” санхүүгийн эрх мэдлийг нь хууль эрхзүйн хувьд тодорхой хэмжээнд шийдээд өгчихсөн гэж болно. Ядаж л өмнөх Засаг дарга Д.Сумъяабазарын ард нь гарч чадаагүй “бонд”-ыг Х.Нямбаатарт зөвшөөрсөн. Тийм учраас Х.Нямбаатар 584 тэрбум төгрөгт тайлбар хийгээд суух шаардлага байхгүй гэж үзсэн үү, эсвэл энэ бол яаралтай асуудал биш хэдий ч Төсвийн тодотголд оруулаад үзье гэх аз сорьсон зүйл байв уу.