Америкийн гадаад тусламжийн хамгийн том байгууллага болох USAID буюу Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн нийт гэрээний 83 хувийг цуцалснаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгдлээ.
Тэрээр Трампын шинэ Засгийн газар бүрэлдсэн даруйдаа бүтэн зургаан долоо хоногийн турш гадаадын тусламж нэрээр гадагшаа урсаж байсан зардлыг сайтар хянаж шалгасны үндсэн дээр 5200 гаруй гэрээг цуцалж, хэдэн арван тэрбум ам.доллар хэмнэхээр боллоо, үлдсэн 1000 орчим хөтөлбөрийг одооноос илүү няхуур, аль болох өртөг зардал багатайхан хэрэгжүүлэх болно гэжээ.
Рубио мэдэгдэлдээ шинээр байгуулагдсан, тэрбумтан Элон Маскийн тэргүүлж байгаа Төрийн бүтээмжийн яамныханд мөн талархсанаа илэрхийлсэн байна.
Харин ажиглагчид сая сая хүний авардаг, бараг тэрбумаар тоологдох хүнд эрүүл мэнд, хоол хүнс зэрэг олон талын тусламж үзүүлдэг Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоосон нь дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн ажлыг гацаанд оруулах, олон улсад үймээн самуун, тодорхойгүй байдал газар авахад нөлөөлөх, цаашлаад сая сая хүний аминд заналхийлэх бодлогогүй, хүнлэг бус үйлдэл боллоо гэж Трампын Засгийн газрыг шүүмжилсээр байгаа юм.
Олон улсын хөгжлийн хөтөлбөрт өмнө нь 10 мянга гаруй хүн ажиллаж байсан бол хоёрдугаар сарын сүүлчээр 1600 гаруй хүнийг цомхотгож, 4200 гаруй хүнийг ажлаас нь түр чөлөөлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Төрийн департаментын хэдэн зуун ажилтан, албан хаагч Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн өргөдөлд гарын үсэг зурсан байна.
USAID нь дэлхийн хамгийн том тусламжийн байгууллага бөгөөд зарим нутаг оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг цор ганц газар юм. Зөвхөн 2023 онд гэхэд АНУ дэлхийн хэмжээнд нийт 72 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулсан нь дайн самуунтай бүс нутагт ундны цэвэр ус түгээх, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үнэгүй үйлчилгээ үзүүлэхээс эхлээд ХДХВ/ДОХ-ын эмчилгээ, эрчим хүчний аюулгүй байдал, авлига хээл хахуулийн эсрэг тэмцэл зэрэгт зориулагджээ.
Харин 2024 онд НҮБ-аас хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн бүхий л хөтөлбөрийн 42 хувийг АНУ дангаараа санхүүжүүлсэн байна.
Эх сурвалж:
Aljazeera