Хагас дамжуулагч бол өндөр хурдтай компьютер, ухаалаг гар утас, орчин үеийн цэргийн зэвсэг техник зохион бүтээхэд хамгийн чухал элемент, эд анги юм.
Чухамдаа хагас дамжуулагч нь технологийн бүхий л бүтээгдэхүүнд хэрэглэгддэг амин судас нь болсон зүйл учраас энэхүү салбарт нөлөөгөө тогтоохоор дэлхийн гүрнүүд өдөр шөнөгүй зүтгэж байгаа.
Энэ салбарт тэргүүлэх зорилгоор Хятад улс сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд олон арван тэрбум доллар зарцуулжээ. Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн Холбооны мэдээллээр, Хятадад нийлүүлж буй Америкийн бичил схемийн экспортын хэмжээ сүүлийн хэдэн жилд өөрчлөгдөөгүй бол Хятадын компаниуд дотоодын зах зээлд эзлэх хувь хэмжээгээ ч нэмэгдүүлж чадаагүй байна. 2018 оны байдлаар, Хятадад борлуулсан чипнүүдийн 47,5 хувийг Америкаас нийлүүлжээ.
Үүний сацуу Хятадын хөрш орнууд хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээнд баттай байр суурь эзэлжээ. Тухайлбал, Өмнөд Солонгосын “Самсунг” корпораци ухаалаг гар утас ба бичил схемийн нийлүүлэлтээр, Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing” компани чип үйлдвэрлэлээр дэлхийд тус тус тэргүүлж байна.
Зарим мэдээллийг үзвэл, Хятад улс чип үйлдвэрлэх технологийн хувьд АНУ болон Тайваниас 5-7 жилээр хоцорч байна. Хоёр өрсөлдөгчөө гүйцэж түрүүлэхийн тулд хятадуудад нэлээд цаг хугацаа шаардагдах бөгөөд учир нь, орчин үед чипний үйлдвэрлэл нэг байрандаа зогсолгүйгээр маш хурдацтай ахиж байгаа юм. Хятадууд одоогийн шилдэг загваруудтай өрсөлдөхүйц чип үйлдвэрлэж эхлэх тэр үед тус салбарт аль хэдийнэ үсрэлт гарчихсан байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Хятадууд өөрийн компаниудын үйлдвэрлэсэн олон төрлийн цахим төхөөрөмжинд суулгадаг байсан Америкийн болон бусад улсын бичил схемүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн чипээр сольсон нь америкчуудыг гайхшруулжээ. Жишээ нь, “Хуавэй” компанийн үйлдвэрлэсэн сүүлийн үеийн телешетүүдэд /ухаалаг гар утас ба планшетийг хослуулсан гажет/ америк чип огт байхгүй юм.
Ойрын хугацаанд явуулах Хятадын стратегийн бодлого нь хагас дамжуулагчийн салбарт АНУ-аас хамаарч буй байдлыг багасгахад оршино. Энэ нь өөр нийлүүлэгчдийг /гэхдээ Хятадынх биш/ эрж хайна гэсэн үг. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар, бичил схемийн үйлдвэрлэлд оруулж буй Хятадын асар их хөрөнгө оруулалт нь урт хугацаандаа ямартаа ч үр дүнгээ өгөх нь гарцаагүй.
Гэхдээ яг одоогийн байдлаар, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр АНУ давамгайлж байна.