Хот байгуулалт, барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь дараах тодруулгыг өглөө.
-Ипотекийн зээл дээр шинэ журам хэрэгжинэ гэдэг асуудал яригдах боллоо. Хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлд тэргүүн ээлжинд олгоно гэдэг ч юм уу. Мөн ипотекийн зээл олгох тусам байрны үнэ өсч, үнийн хөөрөгдөл үүсгээд байна. Энэ асуудалд салбарын яам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
-Ипотекийн зээлийн эх үүсвэр бага, эрэлт их болохоор байрны үнэ өснө. Бид ирэх жил ипотекийн эх үүсвэрийг нь хоёр дахин нэмэгдүүлж, 1.2 их наяд төгрөгт хүргэн, ипотекийн зээл авах боломжтой хүмүүст өгнө. Ипотекийн зээлийг хотын төвд баригдсан орон сууцанд олгохгүй. Хотын зах руу, гэр хороолол болон дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэн, мөн орон нутагт олгоно.
Түмпэнд хивс угааж болдоггүйтэй адил, дөрвөн уулынхаа дунд 700 мянган хүнд зориулсан хотод гадны хүмүүстэйгээ нийлээд хоёр сая болсон хүмүүс багталцахгүй байна. Энийг задлахын тулд орон сууцыг анх удаа, мөн суманд орон нутагт авч байгаа хүмүүст хөнгөлөлттэй өгье. Орлогод нь таарсан орон сууцанд ипотек өгье гэж байгаа юм.
Ипотекийн зээлийг 2013 оноос хойш хэрэгжүүлээд 120 мянган хүн хамрагдсан боловч эргээд хартал нэг хүн хоёр, гурван орон сууц авч авчихсан. Эхний байруудаа түрээсэлдэг болсон байна. Энэ алдааг засах шаардлагатай.
Тийм учраас анхны орон сууцаа авч байгаа гэр бүлд ипотекийн зээл өгөхөөр албан ёсоор журамлана. Тэгэхгүй бол нэг өрх хоёр, гурваар нь орон сууц аваад түүнийгээ ипотекийн зээлд хамруулдаг байж болохгүй.
-Үнийн хөөрөгдөл өндөр байна. Үүнийг хэрхэн зогсоох вэ?
-Нэг гэр бүл 2-3 орон сууц авчихаар үнэ хөөрөгдөөд байна. Анх удаа байр авч байгаа хүн ипотекийн зээлийг хөнгөлөлттэй авч болно, мөн суманд амьдарч байгаа хүн 3 хувийн хүүтэй ипотек авч болно.
Бид орон сууцыг хэдээр нь ч барьж болно. Гэвч халаалт, цахилгааны асуудлаа дийлэхгүй. Монгол орон эрчим хүчний хямралд орсон байна. Эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, төрөөс татаастай явж ирсэн. Тийм учраас эрчим хүчний салбарт либералчлал хийе гэж салбар яам нь ярьж байна, дэмжиж байгаа. Төвийн эрчим хүч рүү шавааралдаад байх бус бие даасан дэд төв бий болгоод тухайлбал, Чингэлтэй, Хайлааст, Шар хад, Баянхошуу, Толгойд дэд төвд нь орон сууц барихаар утаагүй, түгжрэлгүй болно.
-Одоо зах зээл дээр зарагдаж байгаа байрны 1м2-ын үнэ нь 4.2 сая төгрөгийн үнэтэй байна. Ипотекийн зээлийг 80 м2 хүртэлх байранд мөн 150 сая төгрөгөөс дээш олгохгүй байгаа. Энэ тохиолдолд дундаж орлоготой иргэн ипотект хамрагдах боломжгүй байна шүү дээ?
-Боломжтой хүн ямар үнээр байр авах нь сонин биш. Орон сууцтай болох дөрвөн нөхцөл байгаа. Эхнийх нь ипотекийн зээлийг 60-80 м2 орон сууцыг орлогод нь нийцүүлэн олгоё. Хоёр дахь нь түрээслэх. Түрээслэх замаар мөнгөө төлөөд өмчлөлдөө шилжүүлэх. Бид амины орон сууцанд ипотек олгох санал гаргаж ирсэн.
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, гадаадын хөгжсөн орноос асуухаар Монгол гэр бүл олсон мөнгөнийхээ ихэнхийг гал руугаа хийгээд байдаг юм биш үү. Харахад хоёр давхар гоё байшин хэрнээ зургаан талаараа дулаанаа алдаж байна. Дээвэр, цонх, шал, дөрвөн ханаараа дулаанаа алдаж байна.
Тийм болохоор олсон мөнгөө нүүрсэнд өгдөг. Нэг портер машинаар өвлийг давчих боломжтой байхад 10 портер түлш түлдэг ч юм уу. Би жишээ татаж байна шүү. Тэгэхээр амины орон сууцанд ипотек олгохын тулд байшингаа дулаал гэдэг шаардлага л тавина. Цахилгааны хомсдолтой байхад дулааны алдагдалтай орон сууцанд ипотек олговол юу болох вэ. Ямаан дээр тэмээний гарз болно шүү дээ.
Ипотекээр анх удаа орон сууц авч байгаа, мөн орон нутаг руу зоривол ипотекээр дэмжинэ. Гурван хувийн хүүтэй ипотек олгоно. Зөрүүг нь татаас хэлбэрээр өгнө.
Г.ХОРОЛ
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN