Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөв бол анх удаа бүсчилсэн хөгжлийг бүрэн дэмжсэн төсөв болж буйгаараа онцлог” хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ онцлов.
Тэрбээр ирэх оны төсвийн төслийн танилцуулгадаа "Хөрөнгө оруулалтыг өмнө нь аймаг сумдаар нь авч үзэж төлөвлөдөг байсан бол одоо бүс нутгууд руу чиглүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсүүдэд бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах дэд бүтцийн томоохон төслүүд рүү чиглүүлсэн. Үүний үр дүнд 2028 онд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1.650.9 МВт цахилгаан дулааны эх үүсвэрийг шинээр бий болгож, 1519 км цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт, хувийн хэвшлийн оролцоог татварын бодлогоор дэмжихээрээ онцлог. Бүсчилсэн хөгжлийг дан ганц хөрөнгө оруулалтаар шийдэх боломжгүй хэмээн үзэж, татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоож, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүсүүд бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломж бүрдэнэ. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн зорилтод нийцсэн томоохон бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний оролцоог идэвхжүүлэх бодлого баримтална.
Гуравдугаарт, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхээрээ онцлог. Нийслэлд сүүлийн 30 жилд нийтдээ 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Түгжрэл, орчны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгалаа. Ингэснээр төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх орчин нөхцөл бүрдэж, авто замын түгжрэл бодитой буурна хэмээн тооцсон байна.
Энэ хүрээнд “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн мега төслүүдийг Засгийн газрын өрийн баталгаа гаргах хэлбэрээр, Засгийн газрын нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төсөл, Туул хурдны зам, Шинэ их тойруу хурдны зам, Шинэ тойрог авто замын төслийг нийслэлийн эх үүсвэр болон төр хувийн хэвшлийн түншлэлээр тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр арга хэмжээний үр дүнд агаарын бохирдол 22 орчим хувиар буурч, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэж, түгжрэлийн асуудал шийдэгдэнэ. Түүнчлэн 37 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгосноор ажлын байр нэмэгдэж, хувийн хэвшил бизнесийн орчин сайжрах ач холбогдолтой. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлт 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлт 8.0 хувьд хүрч, нэгдсэн төсвийн нийт орлого 36.8 их наяд төгрөг болох тооцооллыг гаргасан" гэв.
Ингээд ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.