Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын чуулганд оролцохдоо: 2020 онд цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг таван хувиар агшихаар байгаа. Монгол Улсын хувьд хагас жилд 9.7 хувиар агшсан байна. Бид үүнийг нөхсөөр оны эцэст 2-2.8 хувьтай байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк гурван багц арга хэмжээ авсан.
Бодлогын хүүг буулгаснаар тодорхой хэмжээний эх үүсвэрүүдийг банкуудад гаргаж өгч байгаа. Ковидын улмаас эрсдэлд орсон зээлүүдэд хөнгөлөлт, чөлөөлөлт юу байна гэдэг дээр арга хэмжээ авсан. Хэрэглээний зээл төлөлтийг зургаан сараар хойшлуулах гэх мэт.
Бизнесийн зээл дээр бүтцийн өөрчлөлт хийхийг зөвшөөрч байгаа. Малчдын зээл дээр асуудал гарах юм бол банкууд өөрсдөө Банкны холбоогоогоороо дамжуулан энэ асуудлыг хөндөж ярих юм бол Монголбанкны зүгээс бодлогын тодорхой арга хэмжээ авах боломжтой гэв.
Инфляци энэ онд 8 хувь байгааг ирэх онд 6 хувь болгохоор ажиллаж байна. Ханш 4.4 хувиар суларсан.
Мөн тэрбээр Л.Энх-Амгалан гишүүний асуултад хариулахдаа: Монгол Улсын экспортын 90 хувь нь уул уурхай, 10 хувь нь уул уурхайн бус экспорт. Монгол банкны хувьд бол уул уурхайн биш экспортыг дэмжих чиглэл рүү нь бодлогын арга хэмжээгээ чиглүүлье гээд өнгөрөгч есдүгээр сард болсон Мөнгөний бодлогын хорооны хурлаас экспорт, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд хөнгөлөлттэй эх үүсвэр олгохоор ийм бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Энэ бүтээгдэхүүнийг гаргахтай холбогдуулаад арилжааны банкнуудтайгаа уулзаж тодорхой схемийг зурчихсан. Арилжааны банкнууд маань тэр экспортод олгосон зээлээрээ барьцаалаад шинэ эх үүсвэрийг төв банкнаас авах санхүүгийнх нь схем нь хийгдчихсэн. Хөдөө аж ахуйн салбарын хувьд бол Монгол улсын банкны салбараас нийт аж ахуйн нэгжид олгосон зээлийн хэмжээ 17 их наяд буюу улсын төсвөөс бараг хоёр дахин их хэмжээний мөнгийг банкны салбар эдийн засагт зээл хэлбэрээр гаргасан байгаа. Энэ зээлийн 30 хувь нь бол энэ өрхийн үйлдвэрлэлийн зээл байдаг. Ялангуяа малчдын авч байгаа зээл өрхийн хэрэглээний зээл гэдэгт ордог. Тэгэхлээр банкны салбараас бол хөдөө аж ахуйд чиглэсэн зээл тодорхой хэмжээнд хангалттай гарч байгаа. Гол асуудал нь хүү. Хүүг бууруулах стратеги баримт бичгийн хүрээнд зээлийн хүү буурсан.Зээлийн дундаж хүү есөн сарын сүүлийн байдлаар 15.8 хувьтай байна. Анх зээлийн хүүг бууруулах баримт бичгийг хэлэлцэж байхад 16.6 хувьтай байсан. Зээлийн хүү буураад явж байгаа учраас бол энэ хандлагынх нь дагуу бууруулах ийм бодлогын арга хэмжээнүүдийг төв банкнаас аваад явна аа. Ипотекийн зээлийн хувьд ипотекийн зээлийг олон улсын байгууллагууд мөн эрдэмтэн судлаачид төсвийн шинжтэй арга хэмжээ гэж үздэг. Ялангуяа ипотекийн зээлийг Засгийн газраас санхүүжүүлэх ёстой. 2013 оноос анх ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд Монгол банк эхнээс нь оролцоод явсан учраас өнөөдөр Монголбанк 2.8 их наяд төгрөгийн эх үүсвэр эргэлтийн хөрөнгө хэлбэрээр явж байгаа. Жилдээ бол 300-400 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөөр найман хувийн зээлийг санхүүжүүлдэг. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинжтэй арга хэмжээнээс монгол банк гарах ёстой гэсэн тул 2020 оны нэгдүгээр сард гарсан. Гэхдээ цар тахлын хуулийн дагуу тавдугаар сараас эргээд Монголбанк ипотекийн зээлийг санхүүжилтийг гаргаж эхэлсэн. Одоогийн байдлаар Монгол банкнаас бол нийт 147 тэрбум төгрөгийг санхүүжилтийг гаргасан. Энэ хууль арванхоёрдугаар сард дуусах тул энэ тогтолцоог хэвийн цааш нь хадгалах үүднээсээ дахиж заавал нэг схемийг ажиллуулах механизм гаргаж ирэх шаардлагатай учраас Монгол банкнаас ажлын хэсэг гаргаад БХБЯ-тай хамтраад ажиллаж байгаа. Үндэсний ипотекийн корпорацийг байгуулж болох юм гэсэн санал ч гарсан. Одоо ипотекийн зээлийг явуулж байгаа нэг схем нь бол МИК. Мөн нийслэлийн орон сууцны корпорацитай хамтраад цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа ажиллаж байгаа эмч, сувилагч, онцгой байдал гээд албан хаагчдад хөнгөлөлттэй зээл олгох үүднээсээ НОСК-тай хамтарч ажиллаж байна. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгөөр санхүүжилт хийхээр бэлтгэж байгаа.
Төв банк мөнгөний бодлогын чиглэлд аль болох төсвийн бодлоготой нийцүүлэхийг зорьж ажилладаг. 2020 оны төсвийн алдагдал 12 хувьтай байгаа нь нэлээд тэлэлттэй байна. Уг нь мөнгөний бодлогыг хатуу барих зөвлөмжтэй ч цар тахлын үед эдийн засгаа дэмжих нь зүйтэй гэж үзээд Төв банк мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн. Бодлогын хүүг сүүлд 8 хувь нэгж болгож, бууруулсан. Хэрэглээний бүтээгдэхийн импорт манай улсынх 1.6 тэрбум ам.доллар байдаг. Эдийн засгаа дэмжих нөгөөтэйгүүр өрхийн орлогыг хадгалах үүднээс хүүхдийн мөнгөнд төв банк байр суурь илэрхийлэх боломжгүй. Өрхийн орлого буураагүй гэж статистикаар гарсан нь эдийн засгийн дарамтыг зөөлрүүлж байгаа гэж харж байна.