Таны хүүхэд хэл хугалчих гэсэн гадаад нэртэй тоглоом тоглоод толгой өөд сөхөхгүй суугаад байна уу. Түүнийг утас ширтэхээ боль гэж загнахаасаа өмнө "Minecraft" тоглоом шинэ зууны хүүхдүүдэд ямар эерэг нөлөө үзүүлж байгаа тухай доорх нийтлэлээс уншаарай.
1. Minecraft хүүхдийн асуудал шийдэх ур чадварыг хөгжүүлдэг
Minecraft-н хийсвэр ертөнцөд ч тэр, бодит амьдрал дээр ч тэр хүүхдүүд өдөр тутам олон саад бэрхшээл, өөр өөр нөхцөл байдалд шийдэл олох шаардлагатай тулгардаг. Minecraft хүүхдийг залхаалгүй асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлж, богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэх, үр өгөөжтэй шийдэл олох чадварыг дэмждэг.
2: Minecraft хүүхдийн унших, бичих чадварыг дэмждэг (Англиар)
Дэлхий даяар олон сургуулиуд сургалтын хөтөлбөртөө Minecraft-г ашиглаж эхлээд байна. Учир нь хүүхдүүд зугаацаж байх үедээ хамгийн сайн сурдаг бөгөөд Minecraft тэдэнд тоглох явцдаа ур чадвараа хөгжүүлэх боломж олгодог байна. Хүүхэд Minecraft-аа сайн тоглоё гэвэл дэлгэц дээр гарч ирдэг бичмэл заавруудыг уншиж, ойлгох шаардлагатай. Мөн ангийхантайгаа багаар ажиллаж, хоорондоо “чат”-лах хэрэгтэй бөгөөд багшийнхаа удирдлага дор Англиар зөв бичих, унших чадвараа ч хөгжүүлэх боломжтой ажээ.
3: Minecraft хүүхдийг илүү сониуч болгодог
Minecraft тоглодог хүүхдүүд маш сониуч байх нь элбэг бөгөөд голдуу аав ээжийгээ дуусашгүй асуултуудаар булдаг. Өөрсдөө эрэл хайгуул хийж, асуултын хариултыг олох хүсэлдээ хөтлөгдөх нь элбэг бөгөөд энэ нь судалгаа хийх ур чадварын эхлэл болдог ажээ.
Тоглоомын сорилтуудыг давахын тулд хүүхдүүд тоглоомын нууц арга, заль мэхийг сурах хэрэгтэй бөгөөд онлайнаар хайж, ямар нууц арга байдгийг “Гүүглэ”-ддэг байна. Олсон аргаа туршиж, өөр өөр аргуудыг харьцуулах ба энэ нь мэдээлэл олох, түүндээ дүн шинжилгээ хийх, хуурамч мэдээллээс өөрийгөө хамгаалах гээд хүүхэд том болох тусам хэрэг болох ур чадваруудыг суулгаж байдаг байна.
4: Minecraft математикийн хичээлийг илүү сонирхолтой болгодог
Minecraft-г хамгийн түгээмэл ашигладаг хичээл бол математик. АНУ-н улсын сургуулийн 3-р ангид математикийн багш “Би математик заахдаа Minecraft ашигласандаа үнэхээр баярлаж байгаа. 6 сарын дотор сурагчдын маань шалгалтанд тэнцэх үнэлгээ математикийн хичээл дээр 18%-иас 84%, 24%-иас 81% болж гайхалтай өсөлт үзүүлсэн.” гэжээ.
Хүүхдүүд Minecraft тоглож байхдаа 2D, 3D загварчлал бүтээх, геометрийн бодлого бодох, барилгын ажлаа төлөвлөх, тооцоолол хийх гээд математикийн хичээл дээр хөгжүүлдэг хийсвэр сэтгэлгээгээ давхар хөгжүүлдэг байна.
5: Minecraft хүүхдэд нөөцөө хэрхэн зөв ашиглаж, зарцуулахыг заадаг
Minecraft тоглохдоо хүүхэд аливаа эд зүйл ямар үнэтэй байдаг, аливаа даалгаврыг гүйцэтгэхийн тулд хэр их цаг шаардахыг бодолцдог тул хязгаарлагдмал нөөцөө оновчтой ашиглаж сурдаг байна. Жишээ нь, мод цуглуулаад байшин барихдаа гараар барих уу, илд ашиглах уу бодолцох хэрэгтэй болно. Илд илүү хурдан ч удалгүй мохож, цаг хугацааны явцад нэмэлт төлбөр шаардах болно.
Хүүхдийнхээ Minecraft-д үзэж буй зүйлсийг хамт үзэж, хамт тоглож, өдөр тутмын практикал асуудлуудтай холбож, тэдэнд тайлбарлаж чадвал тэд илүү хурдан ойлгож, илүү сайн сурах болно.
6: Minecraft хүүхдэд багийн ажиллагааны ач тусыг ойлгуулах болно
Minecraft тоглоомууд бусад хүүхдүүдтэй хамтарч ажиллахыг шаарддаг төдийгүй заримдаа хамтарч ажиллахгүйгээр зорилгодоо хүрэх боломжгүй үеүүд бий.
Нөөц бололцоогоо нэгтгэж, хуваалцаж, хамтдаа төлөвлөж зорилгодоо хүрэх нь хэдий тоглоомын нэг хэсэг мэт боловч хүүхдийн далд ухамсарт нийтлэг зорилгын төлөө хамтран ажиллах ямар чухлыг ойлгуулж өгдөг байна.
7: Minecraft хүүхдийн өөртөө итгэх итгэлийг өсгөдөг
Minecraft хүүхдэд маш их баяр хөөр бэлэглэдэг төдийгүй шинэ зүйл сурч, сурсан арга мэхээ найзуудтайгаа хуваалцах зэрэг өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг. Мөн Minecraft багаар тоглох нь найз нөхөдтэй болох, тэдэнтэй чөлөөтэй харилцаж сурахад тусладаг байна.
8: Minecraft хүүхдийн төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэхүйг дэмждэг
Minecraft-н бусад бүх тоглоомоос ялгарах онцлог бол хязгааргүй их боломж бололцоо. Төсөөлөлд хязгаар үгүй ертөнцөд хүүхдүүд бодож санасан бүх зүйлээ бүтээх боломжтой нь хүүхдүүдэд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, хүссэн зүйлээ турших боломж, блокуудаа хэрхэн, яаж ашиглах вэ гэсэн эргэцүүлэл олгодог байна.
9: Minecraft код бичихийг заадаг
Minecraft хүүхдүүдэд код бичихийг туслахаар кодинг хэсэг нэмсэн бөгөөд блок-суурьтай хэл, JavaScript гэсэн 2 сонголттой. Хүүхдүүд гүйцэтгэх ажил, барих барилгаа код ашиглан яаж бичиж болохыг эргэцүүлж, төлөвлөж, бичсэн кодоо ажиллуулдаг. Код бичих нь хүүхдийн тооцоолон бодох, асуудал шийдэх ур чадваруудыг давхар хөгжүүлдэг бөгөөд Minecraft-тай хослуулснаар сонирхолтой байдлаар сургах боломжтой ажээ.
10: Minecraft ирээдүйн ажлын байранд хэрэг болох үнэ цэнтэй ур чадваруудыг олгодог
Өмнө 9 зүйл хүүхдийн боловсролд Minecraft ямар эерэг нөлөөлөл үзүүлж болдгийг тайлбарласан бөгөөд чанартай боловсрол цаашлаад хүүхдийн ажлын байранд хэрэг болох ур чадваруудын үндэс болдог билээ. Minecraft техник ур чадварууд олгоод зогсохгүй худалдаа наймаа хийх, холбоо харилцаа гээд ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд хэрэг болох “софт” ур чадваруудад хөгжүүлдэг байна. Зөв ашиглаж чадвал Minecraft таны хүүхдийг 21-р зууны хөл алдахгүй, үнэ цэнтэй мэргэжилтэн болж төлөвшихөд туслана.