2019 онд Монгол Улсын Засгийн газар 73 дугаар тогтоолоор “Цахим засаглалын үндэсний хөтөлбөр”-ийг баталжээ. Уг хөтөлбөрийн гол зорилго нь хэдийн бий болсон цахим засаглалын бүтцийг төрийн байгууллагуудад болон практикт нэвтрүүлэх юм. Энэхүү бодлого нь цахим орчин, мэдээллийн технологи, инновацыг ашиглан төрийн үйлчилгээг түргэсгэх, ажлыг хөнгөвчлөх, агентлагуудын хүнд суртлыг арилгахад оршино. Одоогийн Засгийн газрын 2020-2024 оны Үйл ажиллагааны төлөвлөгөөнд “E-Mongolia” үйлчилгээний хэрэгжилт багтаж байгаа бөгөөд олон нийт 2020 оны 10 дугаар сарын 1-нээс 182 үйлчилгээг авах боломжтой болох ажээ.
Цахим засаглалын үйлчилгээг нэвтрүүлж буй нь олон нийтэд олон жилийн турш чирэгдэл учруулсан авлига, хээл хахуулийн асуудлыг эцэслэх зорилготой ажээ. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн мэдээлснээр, “E-Mongolia” үйлчилгээг нэвтрүүлэхэд шилжилтийн үе маш чухал аж. Учир нь дижитал хуваагдал буюу хүмүүс цахим орчноос шаардлагатай мэдээллээ авч чаддаг болон чаддаггүйгээрээ ялгарсан хэвээр байгаа тул зарим хүний хувьд тодорхой хугацаа шаардагдах төлөвтэй байгаа ажээ. Харин шилжилтийн үе дуусах 2021 оны эхнээс “E-Mongolia” 492 үйлчилгээтэй болж, хүрээгээ тэлэхээр төлөвлөжээ. “Мөн олон нийт бичиг баримтаа байршуулах, илгээх, хянах боломжтой болж, ялангуяа “COVID-19” халдвар тархсан энэ үед төрийн үйлчилгээг дараалалд зогсохгүйгээр авах боломж бүрдэх юм.
Мөн Монголын цахим засаглалд нийгмийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд нүүр царай таних технологийг нэвтрүүлэх талаар мөн тусгажээ. 2021 он гэхэд Улаанбаатарт нүүр царай таних 6822 камерыг байршуулах төлөвтэй байна.
Хэдийгээр “E-Mongolia” төрийн үйлчилгээг шинэчилж, түргэвчлэхийг зорьж байгаа боловч зарим мэргэжилтэн хууль эрх зүйтэй холбоотой асуудлуудад санаа зовниж байгаа ажээ. Цахим хуулийн мэргэжилтэн Л.Галбаатарын мэдээлснээр, нүүр царай таних технологийг нэвтрүүлэхэд шийдвэрлэх, бэлтгэх, хэрэгжүүлэх шаардлагатай хууль зүйн асуудлууд бий бөгөөд одоогоор хөгжүүлж буй технологиудын доголдол нь хүний эрхийн асуудалтай холбогдож болзошгүй ажээ.