Сангийн яам 2021 оны төсвийн төслийг Парламентад өргөн бариад байна. Үүнд уул уурхайн салбарын орлогыг харьцангуй өөдрөгөөр тусгаж өгчээ. Ирэх онд уул уурхайн салбарын орлого анх удаа 3.4 их наяд төгрөг хүрнэ гэж Сангийн яам тооцоолсон байна. Энэ нь төсвийн нийт орлогын 26 орчим хувийг бүрдүүлэх юм.
Гаалийн шинэчлэлийн хүрээнд хилийн боомтуудад ухаалаг гарц, лаборатори, өндөр хүчин чадлын рентген суурилуулж, хил нэвтрэх үйл ажиллагааг түргэн шуурхай, цахим болгоно гэж үзэж байна. Энэхүү ажил энэ онд нэлээд идэвхтэй хийгдэх хүлээлттэй байсан ч цар тахлын нөхцөл байдлаас болж удаашраад байгаа юм.
Мөн ашигт малтмалын экспортын үе шат бүрийг цахим төлбөрийн баримтын системд бүртгэж, татварыг нь бүрэн хураана гэж зорьж байна. “COVID-19” цар тахлын үед Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар нүүрсний экспортыг дэмжих зорилгоор "Ногоон гарц" түр журмыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ болон бусад гаалийн шинэчлэлийн үр дүнд ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөөлж байна. Энэ онд мөн ийм төлөвлөгөө гаргасан ч тасалджээ. Оны эцэс гэхэд 25 сая тонн хүрнэ гэж УУХҮЯ үзэж байна.
Харин зэсийн тухайд тонн тутамдаа 6500 ам.доллар байхаар төсөөлж, ирэх онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоор 1.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр Сангийн яам тооцоолж байна. Үүний 47.3 хувийг зэсийн баяжмал, 33.6 хувийг нүүрснээс, 11.3 хувийг алтнаас төвлөрүүлнэ гэж үзжээ.
Эх сурвалж: Bloomberg mongolia