Нийслэлийн удирдлагууд Онцгой комисст иргэдээс хандивласан хандивын мөнгөнөөс 21 сая төгрөгийг өөрсөддөө урамшуулал болгосон хэл ам намжаагүй байхад дахин төсвийн мөнгөөр өөрсдиийгөө “шагнасан” баримт илэрлээ.
Тодруулбал, 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэгийн гарын үсэг бүхий А/11 тоот захирамжаар тус дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2020 оны I улирлын ажлыг дүгнэж, төлөөлөгч тус бүрийг тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн уг захирамждаа “Урамшуулалд шаардагдах 205 сая төгрөгийг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас гаргахыг зөвшөөрсүгэй” гэжээ. Урамшуулал олгох үндэслэлээ төлөөлөгчдийн ажлыг 93-100% гэж дүгнэсэн байна.
Хогондоо дарагдсан, ядуурал, архидалт газар авсан, гэмт хэргийн үзүүлэлт өндөртэй, тэр дундаа хүүхдийн хүчирхийлэл хамгийн ихээр гардаг гэгдэх болсон Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчид өөрсдийн ажлыг ийм өндрөөр үнэлж дүгнэсэн нь өнөөх Р.Дагва даргын “Улаанбаатар 92% аз жаргалтай байгаа нь гудамжинд гараад л харагдана” гэснээс ч илүү доромжлол боллоо.
Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардлаа төлөөлөгчид нь хуваагаад хүртчихсэн учраас зарим иргэд нь ус, тоггүй уулын мухарт амьдарч, хүүхдүүд сургууль руугаа явах урт замдаа элдэв хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэг, ядуурал, архидалт газар авч “Харанхуй дүүрэг” нэртэй болсон бололтой.