Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо.
Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг өглөө.
Цэцэрлэгийн “Цахим бүртгэл” 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9:00 цагаас 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэлх хугацаанд явагдах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүр дээр зохион байгуулагдана.
Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн цэцэрлэг бүр дээр 2020 оны 09 дүгээр сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.