Экс хотын дарга Э.Бат-Үүлийн санаачилсан "Нээлттэй Улаанбаатар" хэмээх хотын хөгжилд иргэдийн дуу хоолойг хүргэх зорилготой цахим хуудас нь одоог хүртэл ажилладаг бөгөөд өнгөрөгч 09 сарын 30-ны өдөр Тэг зогсолт хийсэнээс эхлэн замын түгжрэлийг хэрхэн арилгаж болох тухай 600,000 гаруй санал, шийдлүүд уг цахим хуудсанд ирсэн байна. Харамсалтай нь өдгөө энэ хуудсыг хотын удирдлагууд нийслэлийн албан ёсны цахим хэрэгслүүдийн тооноос хассан тул иргэдийн снаал эндээ үлдэж хоцрох нь.
Дэлхийн улс орнуудын түгжрэлийг давсан туршлагуудаас сонирхуулъя:
Дэлхийн улс орон, хотууд төлөвлөгөөтэй хөгжиж байна. Манайд сонгуулийн цикль хооронд улстөржиж, замын түгжрэлээ ч шийдэж чадалгүй сүүлийн 20 жилийг үдлээ.”Хот усанд автлаа, яах вэ” гэхээр “Венец усан дээр байгаад болоод байна” гэдэг Иргэдийн хурлын төлөөлөгч нэртэй тархи угаагч олон. “Замын түгжрэлээ шийдье” гэхээр торгоно, төлбөр нэмнэ гэж дарамталдаг төр, засагтай. Хөгжил хаашаа явж байгаа нь тодорхойгүй, ямар ч байсан урагшилж байгаа гэсэн сэтгэхүйгээр явж ирэв. Тэгвэл замын түгжрэл бүтээмжийг бууруулдаг гэж судлаачид үздэг. Жишээлбэл, Бангкокын замын түгжрэл Тайландын эдийн засагт дөрвөн чиглэлээр хохирол учруулдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Замын түгжрэл ажлын цагийг алдуулж, түлшийг нь барж, түүнчлэн авто осол, хүрээлэн буй орчин бохирдох шалтгаан болдог гэж үзжээ. Үүнээс үүдэж Бангкок хот жилд 10 тэрбум буюу монгол мөнгөөр 470 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байна. АНУ-ын Лос-Анжелос хотын эрх баригчид бүх гэрлэн дохиогоо ухаалаг болгосон. Ингэснээр замын хөдөлгөөнийг ажиглах автоматжсан системийн хувьд бусад хоттой харьцуулахад жишиг болжээ. Энд замын хөдөлгөөнийг удирдах төвийн компьютерууд ирсэн бүх мэдээллийг хүний оролцоогүйгээр задлан шинжилж шийдлийг гэрлэн дохионуудад буцааж илгээдэг. Тухайн замаар явж буй автобусыг саадгүй өнгөрөөх нөхцлийг замын цагдаа бус гэрлэн дохионууд бүрдүүлдэг аж.