Алдарт Симпсонс цувралыг бүтээгчид энэ оны аймшгийн баярт зориулан шинэ анги гаргажээ. Тэгэхдээ тэд АНУ-ын Ерөнхийлөгч, дахин сонгогдохоор нэр дэвсэн Дональд Трампыг онцлон, түүнийг дахин сонгож болохгүй 50 шалтгааныг тайлбарласан байна.
Энэ сарын 18-нд олны хүртээл болох тус шинэ ангид гол дүр Хомер Симпсон сонгуулийн байранд саналаа өгөхөөр ирээд, шийдвэр гаргахаар бүх нэр дэвшигчдийг эргэцүүлэн бодож байгаа тухай гарах аж. Гэвч Трампын талаар бодмогцоо тэр “Шал дэмий” гэж амандаа бувтнадаг байна.
Түүний дараа охин Лиза нь санал өгөх байранд орж ирээд, “Та Ерөнхийлөгчийн талаар бодоод байгаа юм уу? Та яаж өнгөрсөн дөрвөн жилд болсон бүхнийг мартаж, түүний тухай бодож чадаж байна аа?” хэмээн загнах аж. Харин Хомер хариуд нь “Үгүй дээ, чи юу ярина вэ” хэмээн хариулахад дэлгэц дээр Трампын талаар өгүүлэх хэсгүүд гарч эхэлнэ.
Жишээлбэл, нэг хэсэг дээр Трамп хүүхдүүдийг торонд хорьж, татварын мөнгийг завшиж, өөрөө тэрбумтан байж жилийн татварт 750 ам.доллар өгч байгаа гэх мэт үзэгдэл гарах аж.
Симпсонс цуврал өдгөө 32 дахь улирлаа гаргаж буй бөгөөд дээрх тусгай анги нь тэдний гаргасан 31 дэх аймшгийн баярт зориулсан анги болж байна.