АНУ-ын Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн шүүх “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн удирдлагуудыг яллагдагчаар татжээ. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон “Turquoise Hill Resources” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлманн, дэд ерөнхийлөгч Брендан Лэйн, Санхүү хариуцсан захирал Люк Колтан нар АНУ-ын Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгчийн нэхэмжлэлээр тус улсын Холбооны Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт хариуцагчаар татаад байна.
Антони Франчи нь 2019 онд “Turquoise Hill Resources” компанийн 167 ам.долларын үнэ бүхий хувьцааг худалдан авсан бөгөөд “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани нь 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, үнийг нь зохиомлоор өсгөсөн хувьцаа зарсан гэж гомдолдоо дурджээ. Үүнээс өмнө ч “Rio Tinto“ компани нь хөрөнгө оруулагчдаасаа бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэх асуудал хэд хэдэн удаа гарч байсан юм. Тус компани хөрөнгө оруулагчдад бодит бус мэдээлэл өгч, асуудлыг нуун дарагдуулдаг талаар анх тус компанид ажиллаж байгаад үндэслэлгүйгээр халагдсан стратегийн төслүүд хариуцсан ерөнхий менежер асан Ричард Боули олон нийтэд мэдээлж байсан билээ.