2019 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан залуус эр цэргийн албаа нэр төртэй хаагаад орон нутагуудруугаа буцацгааж байна. Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хаасан цэргүүд өнөөдөр хамгийн эхэнд нутагтаа очоод байна.
Цэрэг дайчдыг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайханаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч баяр хүргэлээ.
Эдгээр цэргүүдийн хувьд улс орноо батлах хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, сард 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч, дансандаа 11.2 сая төгрөгтэй цэргийн албанаас халагдаж ирж буйгаараа онцлог юм.