Уулын Карабахад есдүгээр сарын сүүлээс зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Азербайжаны 60 энгийн иргэн амиа алдаж, 270 хүн шархаджээ. Харин Армены тал 600 орчим цэргээ алдаж, 30 гаруй иргэнээ алдсан байна.
Армени, Азербайжан улсуудын Гадаад хэргийн яамд Уулын Карабахт тулалдаж буй талууд харилцан гал зогсоох болсныг өчигдөр зарлажээ.
Үүнээс өмнө Арменийн тал Азербайжаны хоёр дахь том хот Ганжад пуужингийн цохилт өгч, 13 энгийн иргэний амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан байна. Гал зогсоох ажиллагаа өнөөдөр 00.00 цагаас эхлэх аж.
Талууд энэ сарын эхээр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч удалгүй дахин дайтаж эхэлсэн билээ. Энэ удаа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хоёр улсын Гадаад хэргийн сайд нартай утсаар ярьж, гал зогсоох тохиролцоогоо хэрэгжүүлэхийг хатуу анхааруулсан байна.