2022 оны Бээжингийн өвлийн олимп болон өвлийн пара олимпын хэвлэл мэдээллийн чуулган 10-р сарын 19-ний орой алс зайн видео хэлбэрээр нээгдлээ. Олон улсын олимпын хороо, олон орон бүс нутгийн олимпын хороо, олон улсын дан төрлийн спортын холбоо жич дэлхийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч 400 гаруй хүн уг ажиллагаанд оролцлоо. Бээжин хотын дэд дарга, Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэгч дарга Жан Жяньдүн, олон улсын олимпын хорооны хэвлэл мэдээллийн хорооны дарга, хэвлэл мэдээллийн ерөнхий захирал Люсия Монтаналла нар хуралд оролцон үг хэллээ. Бээжингийн өвлийн олимпын хорооны дэд дарга Ян Шү-Ань, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны тусгай дэд дарга, нарийн бичгийн дарга Хань Зырүн нар хуралд оролцлоо.
Жан Жяньдүн хэлэхдээ, хэвлэл мэдээлэл бол Бээжингийн өвлийн олимпын хороо, пара олимпын хорооны чухал хэрэглэгч үйлчлүүлэгч юм. Хэвлэл мэдээлэлд сайн үйлчилгээ хангах нь өвлийн олимпын бэлтгэл ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо хэвлэл мэдээллийн ажлыг маш их чухалчилж, зохион байгуулах өргөдөл дэвшүүлэхдээ хийсэн амлалтаа чанд мөрдөж, маш олон суурь ажлуудыг сайтар хийж, хэвлэл мэдээллийн анд нөхдүүдийн олимпын бэлтгэл ажил болон уралдаан тэмцээний явцад Хятадад сурвалжилга хийх хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө хичээн ажиллаж байна. Шинэ коронавирусийн хижиг нь олимпын хөгжилд янз бүрийн сорилт учруулсан юм. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо ажлын арга хэлбэрээ шинэчилж, янз бүрийн хүндрэл бэрхшээлийг даван туулж, ажлаа тасалдуулалгүй хийж, ажлын эрч хүчээ сулруулалгүйгээр, товлосон чиглэлээр тогтсон зорилтоо биелүүлэхийн тулд алхам дараатай ахиулсаар байна. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо дэлхийн олон газрын хэвлэл мэдээлэлтэй хамтаар хэвлэл мэдээллийн сурвалжилга болон хижгээс сэргийлэх ажлыг судалж, иж бүрэн, өндөр үр ашигтай, дөхөм дөт үйлчилгээ хангахад бэлэн байна гэжээ.
Люсия Монтаналла Бээжингийн өвлийн олимпын хорооны дэлхийг хамарсан шинэ коронавирусийн хижгийн үед цахим хэлбэрээр энэ удаагийн дэлхийн хэвлэл мэдээллийн чуулганыг идэвхтэй зохион байгуулсанд талархал илэрхийллээ. Тэр хэлэхдээ, энэ удаагийн дэлхийн хэвлэл мэдээллийн чуулган бол маш чухал хурал болно. Энэ хурал нь хэвлэл мэдээллийн байгууллагуудад авч хэлбэл чухал завшаан боломж байж, тэдний өвлийн олимпын мэдээллийн ажлаа нэн сайн төлөвлөхөд ашигтай юм гэжээ. Тэр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо хэвлэл мэдээллийн байгууллагуудад өндөр төвшинтэй үйлчилгээ хангана гэдэгт итгэж байна. Хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаар ОУОХ Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын эцэст нь тултал дэмжсээр байх болно гэжээ.
Эх сурвалжаас үзвэл, дэлхийн хэвлэл мэдээлийн чуулган бол Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион байгуулах хорооны наадмын өмнөх хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны бэлэг тэмдгийн чанартай ажлын нэг байж, Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хугацаанд дэлхийн хэвлэл мэдээлэлд бэлтгэл ажлаа бүх талаар танилцуулах цорын ганц завшаан юм. Хурал Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны холбогдох салбарууд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, спорт, спортын ордон талбайн дэд бүтцийн байгуулалт, бүртгүүлэх, зочид буудал, техник, зам харилцаа, харуул манаа, сурталчилгаа зэрэг 15 төрлийн үйлчилгээг танилцуулж, хуралд оролцсон хүмүүсийн асуултад хариулсан юм. Хуралд оролцсон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хижгийн шалтгаанаас болж Хятадад ирж газар дээр нь танилцах боломжгүй болсныг харгалзан, энэ удаа спортын заал талбайг цахим хэлбэрээр харуулж, ордон талбай, хэвлэл мэдээллийн дэд бүтцийн байдлын ахицыг шууд харуулж чадсан юм.
Хурлын хөтөлбөрийн дагуу 10-р сарын 21-22-нд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо холбогдох ажил төрлийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагатай ганцаарчилсан хурал хийж, хэвлэл мэдээллийн сонирхож буй асуудалд хариулт өгсөн юм.