Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч асан Ламин Диак авлигын хэрэгт буруутай нь тогтоогдож, торны цаана суухаар болжээ. Сенегал улсын иргэн, 87 настай түүнд тамирчдын допингийн асуудлыг нуун дарагдуулж мөнгө угаасан хэргээр Францын шүүхээс хоёр жилийн хорих ял оноов.
ОХУ-ын тамирчдын допингийн шинжилгээний хариуг зохицуулж байсныхаа төлөө тэрбээр 3 сая гаруй евро завшсаныг Францын хууль хяналтынхан тогтоожээ. Хэдийгээр дөрвөн жилийн ялаас нь хоёр жилийг хасахаар болсон ч түүний өмгөөлөгч нар энэ шийдвэрийг “шударга бус, хүний ёсноос гажууд” хэмээн үзэж, давж заалдахаа илэрхийлэв.
Шүүхээс мөн Диакт 500 мянган еврогийн торгууль, түүний хүү Папа Массата Диакт 1 сая еврогийн торгууль оноолоо. Хүү нь эцэгтэйгээ нэгэн үед ОУХАХ-нд маркетингийн зөвлөхөөр ажиллаж чамгүй будлианд гараа дүрсэн байна.
16 жил Олон улсын хөнгөн атлетикийн холбоог удирдсан Ламин Диак халаагаа 2015 онд Их Британийн Себастьян Коэд өгч, тэр жилийнхээ арваннэгдүгээр сараас Парист гэрийн хорионд байсан юм.