“Москва-1980” Олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол улсын ардын багш, Гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч агсан Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт намрын адаг сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МУ-ын ардын багш, гавъяат тамирчин Ч.Насантогтох, 1977-1985 онуудад шигшээ багт хамт байсан тамирчид, нэг ангийн төгсөгчид, нутгийн зон олон болон дотны хамт олон, төрөл төрөгсдийн дунд боллоо.
Одоогоос гурван сарын өмнө Ц.Дамдин багшийн гэр бүлд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас цэцэрлэгт хүрээлэнгийн газар олгогдсоныг мэдэгдсэн өдрөөс эхлэн тус хүрээлэнгийн ажил, 45 хоногийн өмнө хөшөөний ажил эхэлж, ийнхүү өнөөдөр нээв.
Тус ажлыг санаачилсан Баян-Адарга сумын засаг дарга О.Дашдаваа, МҮОХ-ны “Олимпийн алдар” одон, Улсын харцага Ц.Бэгзсүрэнг МҮОХ-ны “Алтан медаль”-иар шагнав.
Ц.Дамдин багш нь Хэнтий аймгаас төрөн гарсан цорын ганц болон Монгол улсын анхны жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт алдарт тамирчин байсан юм. Хөшөөний нээлтийн арга хэмжээний үеэр багшийн анд нөхөд, гэр бүл, багш, шавь нарын төлөөлөл сэтгэлийн үгээ хуваалцаж, нар хур тэгширсэн сайхан арга хэмжээ боллоо.
Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн арга хэмжээний үеэр Баян-Адарга сумын дунд сургуулийн Ц.Дамдины нэрэмжит болгохоор ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Бат-Эрдэнэд уламжлав.