Боловсрол, шинжлэх ухааны яам нь 2020 оны 10-р сард батлан гаргасан Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-г боловсролын салбарт хамтран ажиллагч дотоод, гадаадын байгууллагууд буюу Боловсролын орон нутгийн бүлгийн хуралд танилцууллаа.
Хурлын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө хэрэгжсэнээр бодлого, хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж, боловсролын үр ашгийг нэмэгдүүлж, тогтвортой, чадамжтай, мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлж, хот, хөдөөгийн иргэдийн боловсролын үйлчилгээний чанарыг ижил түвшинд хүргэж, тэгш хүртээмжтэй болгох, боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлж, мэргэжлийн болон дээд боловсролын салбарт бие даасан, хамтын оролцоот засаглал, удирдлагын тогтолцоо бүрдэхийг онцоллоо.
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, Азийн хөгжлийн банкны Монгол улс хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй байгууллагын төлөөлөгчдөөс гадна Боловсролын төлөө дэлхий нийтийн түншлэл байгууллага, Япон Улсын Элчин сайдын яам, ЮНИСЕФ, ЖАЙКА, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл байгууллагуудын төлөөлөгчид оролцон төлөвлөгөөг бүрэн дэмжиж, цаашид уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд талууд нягт хамтран ажиллахаар боллоо.