Улаанбаатар хотын 35 дахь даргаар Д.Сумъяабазар сонгогдлоо. Өнөөдөр түүний ажлын эхний өдөр. Түүнийг УИХ-ын гишүүний суудлаа өгч, хотын дарга болсонд гайхах хэсэг бий. Гэхдээ түүнд сонголт байгаагүй. Нийслэлийн намын даргын хувьд, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх том үүргийг нийслэлчүүдээс авсан учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх, намын Удирдах зөвлөлөөс түүнд өгсөн том үүргийг тэр хүлээж, улс төрийн зориг гаргаж, ажилдаа орлоо. Хүн амын тал хувь нь амьдардаг нийслэлд өнөөдөр маш олон тулгамдсан асуудал Д.Сумъяабазарыг хүлээж байна. Нийслэл өвөлд бэлэн эсэх, хотын түгжрэл, утаа, нийтийн тээврийн шинэчлэл гээд шил дараалсан олон ажил, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тэр ажилдаа орж байна.
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх чуулганы хуралдаан дээр Ж.Сүхбаатар гишүүн “Улстөрчийн тавилан улс төрийн бодлого, зорилт, сонгуулийн үр дүнгээс үүдсэн улс төрийн нөхцөл байдал, хувь хүний үүрсэн үүрэг хариуцлагаас хамаарч тодорхойлогддог. Энэ удаагийн шийдэл хувь хүний гэхээсээ эрх баригч улс төрийн намын хамт олны бодлого шийдвэр, нийслэлийн сонгогчдын МАН-д өгсөн итгэлтэй яах аргагүй уягдсан. Тойргийн төлөөлөгчөөс 1.5 сая оршин суугчдад шууд үйлчлэн гүйцэтгэх ажлыг зохион байгуулах, удирдах нүсэр хүнд ачаа үүрсэн ажилд шилжин ажиллахаар боллоо. Зангараг, туршлага, тооцоо Сумъяабазарт бий” гэж үүссэн нөхцөл байдлыг дүгнэсэн.