Чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна. Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах, банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэхийг тусгажээ.
Монголбанк зах зээлийн зарчимд тулгуурлан үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлснээр инфляц сүүлийн 3 жилд зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой хадгалагдав. 2006- 2016 онд жилийн дунджаар 10 хувь буюу харьцангуй өндөр түвшинд, өндөр хэлбэлзэлтэй байсан инфляцыг ийнхүү тогтворжуулснаар Төв банк инфляцын зорилтыг бууруулах боломж бүрдлээ. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ Монголбанк Ирээдүйд чиглэсэн, Зах зээлийн зарчимд суурилсан, Эрэлтийн гаралтай инфляцыг зохистой түвшинд хадгалах стратегийг баримтална.
Харин цаг агаарын нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэл, гадаад болон дотоод тээвэр, ложистик зэргээс шалтгаалсан 1 удаагийн шинжтэй, нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөө түр зуурын шинжтэй байх тохиолдолд мөнгөний бодлогоор удирдах нь эдийн засагт өндөр зардалтай, ажил эрхлэлтийг сааруулах үр дагаврыг бий болгосон бодлогын оновчгүй сонголт тул түүнд хариу үйлдэл үзүүлэхгүй гэж тооцжээ.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Мөнгөний бодлогыг тойрч ярих хэрэгтэй. Япон,Сингапур, Солонгос, Энэтхэгийн төв банкны явуулж буй мөнгөний бодлогыг судалж үзэхэд, өөр өөр бодлого ярьдаг юм билээ. Ер нь бол эдийн засгийн өсөлт, инфляци, ажилгүйдлийг мөнгөний бодлогоор дэмжих нь Монголбанкны үүрэг. Сүүлийн үед юм асуухаар хойд талын хар овоохой гэдэг шиг явуулж ОУВС руу чихдэг байдал бий болжээ. Би гишүүнийхээ хувьд олон улсын сайн туршлагад үндэслэсэн орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх гэдэг заалтыг Мөнгөний бодлогод оруулсан. Гэтэл 2021 онд яг энэ үгээрээ явж байна. 2020 онд бодлогоо тусгаж чадсан уу. Нийт ипотекийн зээлтэй 99 529 өрх, 8 хувийн зээлтэй 71779, 6 хувь 1818 өрх, арилжааны нөхцөлтэй 25962 өрх байна. Бид иргэдээ алагчилж болдог юм уу. Хэн нь 8 хувийн хүүтэй зээл, хэн нь 6 хувь аваад байгаа юм бэ. Ийм ипотекийн зээлийн бодлого гэж байна уу. Иргэдийн дунд 216 мянган өрх байранд ормоор байна гэж байгаа боловч 50 хувь нь урьдчилгаа төлбөр болох 30 хувиа бүрдүүлж чадахгүй, 33 хувь нь өрхийн орлого ипотекийн зээл төлөлтөд хүрэлцэхгүй, 10 хувь нь орон сууцны үнэ өндөр байна гэж хариулсан байна. Үүн дээр үндэслэж бид тогтолцоогоо өөрчилж чадахгүй байна гэдэг нь буруу. Цаашид ипотекийн зээлийн бодлого ийм байна гэсэн ажил хэрэгч бодлого хэрэгтэй байна. Ингэж байж бид иргэдийн нуруун дээрх ачааг бууруулах улс төрийн эрмэлзлэл байх хэрэгтэй байна.