Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
Улаанбаатар кино наадам өндөрлөлөө

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Локарно Кино Наадам, Монгол-Францын төв, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Мөн тус наадмыг зохион байгуулахад Институт Франц, Тэнгис кино театр, Гуру Медиа, Тийм Team ТББ, Глобал Смарт Солюшн ХХК, Даваа Лайт ХХК, Лайв Стрийм, Монголын Үндэсний Кино Хороо, Юнивишн ХХК, Монголын кино институт, Алтан хальс холбоо болон мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэхэд , МҮОНРТВ, Стар ТВ, ТВ8, Блүүнбэрг ТВ, Монгол HD, NTV, SBN, Оллоо, Масс ТВ, zindaa.mn, ub.life, montsame.mn, eagle.mn, news.mn, Өнөөдөр сонин, Үндэсний шуудан сонин зэрэг байгууллагууд дэмжин ажиллаа.

“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, олон улсын уран сайхны удирдагчаар Каннын кино наадмын “Directors’ Fortnight” хэсгийн зохион байгуулах хорооны гишүүн Энн Делсет, олон улсын хөтөлбөр боловсруулагчаар Каннын кино наадмын “Les Cinemas du Monde” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын зөвлөх Тибу Брак нар тус тус ажиллав.

2020 оны наадмын нээлтийн киногоор найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн”, монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч шагналыг найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, шилдэг зохиол шагналыг найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий” киноны зохиолч М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Баттуяа, Номадиа Пикчерс ХХК-ны нэрэмжит шилдэг продюсер шагналыг найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” киноны продюсер Ч.Ундрал нар тус тус гардан авлаа.

Монгол кино уралдааны шүүгчээр уран сайхны удирдагч, Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн, кино судлаач Б.Түмэн-Өлзий, Монголын Үндэсний Кино Хорооны ерөнхийлөгч Н.Оргил, кино шүүмжлэгч, утга зохиол судлаач Др.П.Батхуяг, зөвлөх Энн Делсет, Тибу Брак нар ажилласан.

“Улаанбаатар” кино наадмын албан ёсны хөтөлбөрт Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт Монгол, Австрали, Бразил, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Хятад, Тайвань, Япон улсын 18 бүрэн хэмжээний, нэг богино хэмжээний уран сайхны киног нийт 5000 гаруй үзэгчдэд толилуулсан ба үүнээс 1400 нь ирээдүйн үзэгч, кино урлагийг дэмжигч хүүхэд багачууд байлаа.

Энэ жилийн кино наадамд киноны эх орон Бүгд Найрамдах Франц улс онцлох орноор сонгогдон, Франц найруулагчдын бүтээл “85 оны зун”, “Салхи зогсох аваас”, “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх” киног үзэгчдэд толилуулсан. "Үзэхийн хязгаар" хэсэг болон Олон улсын уралдаант бус хөтөлбөрт Италийн “Мартин Иден”, ХБНГУ-ын “Ундина”, Герман-Монголын хамтарсан “Хар Сүү”, Ираны “Хар санаа үгүй”, Монголын “Говийн зэрэглээ”, Японы “Жинхэнэ эхчүүд”, Монгол-Австралийн “Шат”, Австралийн “А гэвэл аз жаргал”, Тайванийн “Өдрүүд”, БНХАУ-ын “Баяртай, хүү минь”, Швейцарын “Куржетт хүүгийн амьдрал”, Бразилийн “Еүрүдис Гүзмаогийн үл үзэгдэх амьдрал” кинонуудыг үзэгчдэд толилууллаа.

Мөн кино наадмын хүрээнд кино урлагийн салбарын цаашдын чиг хандлага, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, чадавхыг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форумыг 10-р сарын 22-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Форумын үеэр “Кино урлаг ба Ковид-19, цаашдын чиг хандлага” болон “Локарно кино наадмын Нээлттэй Хаалга хөтөлбөрт Монгол кино найруулагч, продюсерууд оролцох боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нийт 200 гаруй кино уран бүтээлчид, кино урлагийн сургуулийн оюутнуудыг хамрууллаа. Тус хэлэлцүүлэг нь кино сонирхогч олон нийт, уран бүтээлчдэд цахим гарын авлага болон кино наадмын цахим хуудсанд байршин түгээгдэж байна.

2020 оны кино наадам нь Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгээр агуулга, цар хүрээгээ тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлсэн нь онцлог байлаа. Тус хэсгийг найруулагч Р.Доржпаламын 1980 онд бүтээсэн “Говийн зэрэглээ” МУСК-оор нээлээ. “Говийн зэрэглээ” киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ний хамтран хэрэгжүүлж буй “Монгол Кино HD” төслийн хүрээнд дуу, дүрсний өндөр чанартайгаар HD форматад хувирган, олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцууллаа. Мөн “Үзэхийн хязгаар” хэсгийг Азийн кино найруулагчийн шилдэг бүтээл болон хүүхдийн кино үзвэрүүдээр баяжуулсан нь үзвэрийн агуулгыг өргөжүүлэн, үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд ихээхэн дэмжлэг боллоо.

Түүнчлэн наадмын үеэр ирээдүйн авьяаслаг кино найруулагчдын ур чадвар, бүтээн туурвих үйл явцыг дэмжихээр “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг Гуру Медиа, Тийм Team ТББ-тай хамтран 2020 оны 9-р сарын 15-аас 11-р сарын 15-ныг дуустал хугацаанд зохион байгуулж байна. Тус сургалтад 11 залуу найруулагч сонгогдон суралцаж байгаа бөгөөд сургалтын төгсгөлд тэдний бүтээсэн богино хэмжээний кино бүтээлийг олон нийтэд танилцуулах болно.

Анх 2008 оноос эхэлж, 2013 оноос олон улсын тодотголтой болж өргөжсөн “Улаанбаатар” олон улсын кино наадамд дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч нийт 132 киног 33000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1200 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхыг дээшлүүлсэн байна.

Наадмаар толилуулсан кино бүрт үзэгчдийн саналыг цуглуулан тоолж, үзэгчдийн нэрэмжит “Шонхор” шагналыг олгодог уламжлалтай бөгөөд 2020 оны энэхүү шагналыг БНХАУ-ын найруулагч Ван Сиао Шуайн “Баяртай, хүү минь” кино хүртлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан