Цар тахлын хөл хорионы дэглэмийн улмаас манай улсад сонгодог урлагийн тоглолтууд түр хугацаанд зогсонги байдалд ороод байсан.
Тэгвэл 11 сарын 18-ны өдөр ДБЭТ-ын тайзнаа таван үеийн төгөлдөр хуурчид хамтран “Улаан залаат Монгол хүн” тоглолтоо толилуулах гэж байна. Манай улсад мэргэжлийн хөгжмийн урлагийн дэг, сургалтын явц, багш нарын арга барил ямар түвшинд явааг энэхүү тоглолтоор харуулахыг зорьжээ.
СУИС-ийн төгөлдөр хуурч, багш МУСТА Ц.Энхтөр тоглолтыг санаачлан, удирдагч багшаар ажиллаж байгаа бол МУАЖ Т.Цолмон, МУСТА Ц.Энхтөр, А.Энх-Амгалан, залуу төгөлдөр хуурч М.Хүсэл, долоон настай отгон шавь А.Ирмүүн гээд олон улсын томоохон тэмцээн, уралдаануудад амжилт гаргасан шилдэг уран бүтээлчид оролцох юм.
Тэд Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Цэндорж, түүний багш ОХУ-ын суут хөгжмийн зохиолч Г.Уствольская нарын бүтээлүүдээс сорчлон хүргэхээр төлөвлөж байна.