Соёлын сайд С.Чулууны наймдугаар сарын 31-ний өдрийн тушаалаар улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлж 18 хүртэлх насны бүх хүүхдийг төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейг үнэ төлбөргүй үзүүлэх болсон.
Энэ тушаал хэрэгжиж эхэлснээр хүүхэд, багачууд музей үзэх нь эрс нэмэгдсэн байна. Наймдугаар сарын 30-ны өдөр нэг музейг 5-6 хүүхэд үзэж байжээ. Харин үнэ төлбөргүй болгосноор 2020 оны 9-р сарын 15-ны байдлаар мэдээгээр улсын хэмжээнд 9383 хүүхэд үзсэн гэх мэдээг Соёлын яамнаас өгч байна.
“Энэ шийдвэр бол хүүхэд музейг нэг удаа үзэх 1000 төгрөгөөс чөлөөлсөн төдий асуудал биш. Хүүхэд багачуудыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, түүх соёлоо судлах, боловсрол, танин мэдэхүйн ач холбогдолтой. Музей бол хүүхдүүд анги хамт олон, найз нөхөдтэйгээ ороод гарах нээлттэй хаалга байх юм. Мөн музейн удирдлагуудад “Хүүхдийн боловсролд зориулсан хөтөлбөр хэрэгжүүл” гэсэн үүрэг өгсөн. Музей бол танин мэдэхүй, боловсрол, үйлчилгээний газар” гэж Соёлын сайд С.Чулуун ярилаа.