Дэлхийн Банк Монгол Улсын Эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсээр ирсэн ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 54.4 сая ам.долларын өртөг бүхий “Эрчим хүч - 2“ төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хэрэгжилт худалдан авалтын журмаас шалтгаалан удааширсан байна. Үүнтэй холбоотой үүссэн хүндрэлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв.
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд зарлагдаж буй тендер, түүний сонгон шалгаруулалт, тендерт оролцогчоос татгалзаж буй шалтгаан, шалгуур үзүүлэлтүүдийн ангиллын талаар ойлголтоо нэгтгэх үүднээс эрх бүхий албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны гишүүд Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй хамтран ирэх долоо хоногт цахим хурал зохион байгуулахаар товлов.
Эрчим хүчний яам, Тендерийн Үнэлгээний хороо болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд шалгуур үзүүлэлтүүдийн талаар нэгдсэн ойлголттой болсноор төсөл хөтөлбөрүүд цаг алдахгүй, хурдан, шуурхай хэрэгжих боломж бүрдэнэ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ирэх долоо хоногт Эрчим хүчний мастер төлөвлөгөөг Дэлхийн банкинд танилцуулахаа илэрхийлэв. Суурин төлөөлөгч Андрей Михнев эрчим хүчний салбар бол тэргүүлэх салбар бөгөөд уг мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Дэлхийн банк тал бүрийн туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.