Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор улсын бүртгэлийн үйлчилгээг дүүрэг болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд шилжүүлэх ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд шилжүүлсэн. Иргэний баримтын архиваас олгодог лавлагааг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж, иргэдэд олгодог архивын лавлагааг 11 сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгохгүй. Харин нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр олгохоор боллоо.
Архивын лавлагаа, үйлчилгээг шилжүүлснээр иргэдийн зүгээс эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй төрийн үйлчилгээг өөрт ойр газраасаа илүү шуурхай авах боломж бүрдэх юм.
Архивын лавлагааг зөвхөн дээрх цэгүүдээс биечлэн аваад зогсохгүй цаг хугацаа, орон зайнаас үл хамааран www.burtgel.mn, мөн www.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авч болно. Түүнчлэн төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаас ч авах боломжтой.
Нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн үйлчилгээний 6 төвөөс иргэдэд үзүүлэх иргэний баримтын архивын лавлагааны төрөл:
- Төрсний бүртгэлийн;
- Үрчилсний бүртгэлийн;
- Овог, эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;
- Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;
- Гэрлэсний бүртгэлийн;
- Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;
- Гэрлэлт бүртгэлгүй тухай;
- Нас барсны бүртгэлийн;
- Төрөл садангийн;
- ХААТР-1 маягтын /2 төрөл/
- Цахим үнэмлэхийн;
- Байнга оршин суугаа хаягийн;
- Иргэний үнэмлэх аваагүй тухай;
- Зураг баталгаажуулалт;
- Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/
- Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;
- Регистрийн дугаарын;
- Регистрийн дугаар сольсон тухай;
- Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;
- Эх нотлох баримтаас хуулбар олгох
Нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн үйлчилгээний 6 төвөөс иргэдэд үзүүлэх хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
- Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа
- Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа
- Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
- Хуулийн этгээд татан буусан эсэх
- Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх
- Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа
Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний цахим систем буюу www.burtgel.mn сайтаас үзүүлэх лавлагаа:
- Иргэний – 14,
- Эд хөрөнгийн – 2,
- Хуулийн этгээдийн – 7
Төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаас үзүүлэх лавлагаа:
- Иргэний – 6
- Эд хөрөнгийн эрхийн – 2
- Хуулийн тэгээдийн – 2