Ардчилсан нам Лу.Болдын халаасанд орлоо гэх болсонтой зэрэгцэн түүнийг энэ талаар ямар байр суурьтай байгааг сонирхох болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг угтан ярьсан түүний ярилцлагаас тоймлон хүргэе.
ЕТГ-ын институцийн тухай:
Би 1990 оноос хойш таван парламентад гишүүнээр сонгогдон ажилласан. Мөн гурван Засгийн газарт сайдаар ажиллажээ. Одоо Ерөнхийлөгчийн багт зөвлөх хийж байна. Монгол Улсын төрийн гурван том институцид өөрийн ажил, амьдрал хөдөлмөрийг зориулж яваадаа баяртай байдаг. Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Төрийн зохион байгуулалтыг шинэчиллээ. Мөн шүүхийн тухай хуулийн төслүүд яригдаж байгаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга парламент, Засгийн газарт олон жил ажилласан туршлагатай хүмүүсээр зөвлөхийн багаа бүрдүүлсэн нь учиртай. Намын нөхөд болох С.Ламбаа, Я.Санжмятав нартайгаа хамтран энэ хүндтэй албанд зүтгэж байна. Ерөнхийлөгчийн алба бол Ардчилсан хувьсгал ялсны дараагаар цоо шинээр бий болсон институц. Өнгөрсөн гучин жил таван Ерөнхийлөгч дамжиж, энэ алба бэхжиж ирлээ. Үндсэн хуулийн дагуу сонгодог утгаараа Төрийн үүргээ гүйцэтгэж ирлээ гэж дүгнэж болно.
Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй тухай:
Ерөнхийлөгчийн хувьд батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бодлого хамгийн чухал асуудал байдаг. ҮАБЗ-өөр хэлэлцэх асуудлуудад бэлтгэх, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар зөвлөмж гаргаж байна. Төрийн тэргүүний зөвлөх хүн юу хийх ёстой, ямар эрх зүйн хэм хэмжээнд ажиллах уу тэр хүрээндээ л ажиллахыг хичээж байна.
Парламентын нэр хүнд унаад ирэхээр олон нийт Ерөнхийлөгчид илүү эрх мэдэл өгөхийг хүсдэг. Засгийн газар нь мөн хүчгүй болохын цагт Ерөнхийлөгчид найддаг. Ийм л үзэгдэл манайд болж өнгөрсөн. Түүнээс биш манай улс парламентын засаглалаас ухрах ёсгүй юм. 1990 онд яалт ч үгүй л энэ засаглалыг сонгосон. Үүнийгээ цаашид бэхжүүлээд л явна. Ингэхдээ мэдээж хүчтэй Төрийн тэргүүнтэй байх ёстой. Ингэлээ гээд нэг хүнээс хэт хамааралтай байж болохгүй. Ардчиллын зарчмаараа явах ёстой. Мөн төрийн ажил эзэнгүй байх ёсгүй. Хэн нь хамаарах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байдлаар маш олон ажил царгалддаг. Энэ гажуудлыг засаад явах нь зүйтэй юм.
Ер нь Үндсэн хуулиа 30 жилийн энэ үечлэл дээр өөрчилсөн нь зүгээр ч нэг тохиолдол биш байв. Бид өнгөрсөн 30 жилийнхээ сайн мууг шүүж, дараагийн 30 жилийнхээ өнгө төрхийг тодорхойлсон ийм өөрчлөлт болсон гэж хардаг.
Бүтээн байгуулалтын тухай:
Би өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга,хот байгуулалтын сайд байлаа. Тэр үеэс л цэргүүдээ бүтээн байгуулалтын ажилд дайчлах ажлыг хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Бид хууль, эрх зүйн асуудлыг шийдэх, хөрсийг нь бий болгох ажлыг 10 жилийн өмнө эхлүүлж чадсан. Одоо цэргүүд маань бүтээн байгуулалтын эзэд болж байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ганцхан жилийн дотор 600 км төмөр замыг тавьж чадлаа. Ийм улс орон дэлхийд байхгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч сайд байхдаа барьж авсан ажлаа Төрийн тэргүүн болоод улам төгөлдөржүүлж, илүү далайцтайгаар хэрэгжүүлж чадсан нэг жишээ нь энэ юм. Цаашид зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, чадавхийг нь нэмэгдүүлэх томоохон хуулийн шинэчлэлүүдийг хийхээр парламент, холбогдох яамд ажиллаж байна. Ерөнхийлөгч тэднийг хөтлөн, чиглүүлж байна. Энэ нь улс төрийн зөв тогтолцоо юм. Ерөнхийлөгч гэхээр билгэ тэмдгийн чанартай биш, өөрөө ажлаа санаачлан, хөдөлгөдөг байх хэрэгтэй. Мөн сая Төрийн тэргүүн өвөлжилт хүндэрсэн асуудлаар шуурхай хурал зарлаж, холбогдох арга хэмжээг авлаа. Ер нь энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Бид өмнө нь урьдчилан харж чадахгүйгээр олон толгой малаа үрэгдүүлдэг байв. Одоо тэр цаг үе өнгөрсөн. Төр засаг, малчдын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч чадвал ямар ч өвлийг өнтэй давах боломж байна. Үүнийг Ерөнхийлөгч олж харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа. Мөн цар тахлын үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Монгол Улс хилээ хаасан. Маш хурдан арга хэмжээ авч чадсан. Түүний хүчинд өнөөдөр бид дотооддоо өвчлөлөө алдаагүй, ганцхан орон гэж дэлхийд нэрлэгдэж байна. Ер нь төрийн байгууллууд аливаа асуудлаар бие биедээ бичиг цаас шидээд суух биш, шуурхай шийдээд явах нь чухал юм байна.