Дональд Трампын баг тооллого, шуудангаар ирсэн саналууд хүчинтэй эсэх асуудлаар эргэлзээтэй мужуудад зарга үүсгэсэн, мөн томоохон заргуудад бэлдэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Жо Байдений хуулийн баг ч бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.
Бүгд Найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп “2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шударга үнэн байдлыг хамгаалахын тулд АНУ-ын ард түмэнд хандаж мэдээлэл өгмөөр байна. Хуулиар хүчинтэй саналыг тоолбол би эргэлзээгүй ялсан. Хууль ёсны бус, хоцорч ирсэн саналуудыг тоолбол тэд биднээс сонгуулийг хулгайлах оролдлого хийнэ. Бидний анхааралтай ажигласнаар тэдгээр саналын олонх нь хоцорч ирсэн. Би олон мужид илт ялалт байгуулсан. Үүний тоонд Флорида, Айова, Индиана, Охайод жинтэй ялалт байгууллаа. Технологи, хэвлэлийн, хөрөнгөтэй том компаниудын хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн түүхэнд ч байгаагүй бусармаг оролдлогыг үл харгалзан олон мужид ялсан. Одоо хэдхэн чухал мужид тооллого үргэлжилж байна. Гэвч эдгээр мужийн санал тооллогын байгууллагууд Ардчилсан намаас хамааралтай ажилладаг. Бид бүх л чухал мужид илт давуу ялж байсан. Гэвч үл мэдэгдэх шалтгаанаар, нууцаар миний илүүрхэл арилсан. Тооллого шударга явагдаж байгаа эсэхийг хянах ажиглагч нэвтрүүлэхийг хориглож байлаа. Бид зарим мужид зарга үүсгэсний дүнд ажиглагчдаа оруулж чадсан. Гэвч 20, 30 метрийн алсаас, зарим тохиолдолд байгууламжийн гаднаас нь л харах боломж олгож байна. Бид үүнтэй холбоотой хэд хэдэн заргад ялалт байгуулсан. Одоо ч заргалдаж байгаа” гэж мэдэгдлээ.