Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай тул ХҮН хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Гэхдээ тус намын гишүүд дотор Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэхэд насны босгыг нь давах хүн байхгүй тул гаднаас хүн хайх болов уу? гэх таамаг гарах болсон.
Харин энэ асуудалд ХҮН-ын дарга Б.Найдалаа “Ерөнхийлөгчийн сонгууль бас л том даваа. Манай цөм багт нэр дэвших хүн одоогоор олон байхгүй, олонхынх нь нас хүрэхгүй. Бид өөрсдөө нэр дэвшихийн тулд энэ намыг байгуулаагүй шүү дээ. Нийгэм ямар хүн хүсэж байна, хэн Ерөнхийлөгч байвал хамгийн зохистой вэ гэдгийг харгалзаж, магадгүй иргэдээс саналыг нь асуусны үндсэн дээр нэр дэвшүүлнэ. Амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн хэвлэлээр дамжуулан үг дайжээ. Мөн ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж ярьдаг тухайд “Ийм зүйл ярьж байгаа нь тун харамсалтай. Яагаад ХҮН аль нэг нам, ах нараас хамааралтай байх ёстой гэж. Эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга, дараа нь З.Энхболд, М.Энхболд, Баабар, Ц.Элбэгдорж гээд л олон ч хүнтэй манай намыг холбосон. Бидэнд хэрэгтэй юм тэдэнд юу ч байхгүй. Ардын намаас ч тэр. Хэрэв бид Ардын намынх бол дотор нь ороод ажиллана биз дээ. Монголд АН, МАН-аас өөр улс төрийн хүчин хэрэгтэй байна. Бид хэлээд байгаа юм биш. Иргэд, сонгогчид, нийгэм үүнийг хүссэн. Тэд ХҮН-д бага багаар итгэж эхэлж байна. Учир нь бид зарчмаа л барьдаг. Бид АН, МАН, МАХН-тай зөвхөн суудал, сонгууль, албан тушаалын төлөө наймаалцахгүй, хуйвалдахгүй. Орон нутгийн сонгуулийн дараа үүнийгээ ч ил тод мэдэгдсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.