БНХАУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийн орлогын өсөлт өнгөрсөн улиралд хяналтаас гарлаа. Есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн улиралд тус компанийн борлуулалт 30 хувиар өсөж, орлого нь 23.4 тэрбум ам.доллар хүрсэн байна.
Хэдий тийм боловч энэ нь 2020 оны хамгийн сул үзүүлэлт болж байгаа юм. “Alibaba” компани “Ant”-д эзэмшдэг хувьцаанаасаа 4.7 тэрбум юаньтай тэнцэх ашиг олсон байна. Энэ нь “Alibaba”-ийн цэвэр ашгийн дийлэнхийг бүрдүүлжээ. Гэсэн ч өнгөрсөн жил “Ant”-д эзэмшдэг хувиа нэмэгдүүлэхдээ цэвэр ашгаас хүртэх өгөөжийг бууруулсан байна. Улмаар цэвэр ашиг нь жилийн дүнгээр 60 хувиар буурч, 28.8 тэрбум юань хүрсэн байгаа юм. Эдгээрээс үүдэн “Alibaba”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид дөрвөн хувиар буурчээ. Түүнчлэн 35 тэрбум ам.долларыг босгохоор төлөвлөөд байсан “Ant”-ийн IPO-ийг хойшлуулаад байгаа нь хувьцааны ханш буурахад нөлөөлжээ. Харин цаашдын төлөвийг харвал БНХАУ-ын эдийн засаг цар тахлын хүндрэлээс хурдацтай сэргэж, дотоодын нийт бүтээгдэхүүн нь өнгөрсөн улиралд 4.9 хувиар өсжээ. Энэ нь “Alibaba”-ийн борлуулалтад эергээр нөлөөлж байгааг шинжээчид онцолж байна. Ялангуяа “Alibaba”-ийн гол бизнес болох цахим худалдааны бизнес 2021-2023 он хүртэл жилд 23 хувиар тэлэх төлөвтэй байгааг тайландаа дурджээ.