Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгсийг аймгийн Засаг дарга батламжилж, үүрэгт ажилд нь томиллоо. Ингэснээр Сүхбаатар аймгийн үлдсэн 12 сумын шинэ засаг даргыг батламжлах ажил хүлээгдэж байна.
Энэ талаар аймгийн Засаг дарга М.Идэрбатаас тодруулахад, аймгийн бүх сум хурлаа хийгээд засаг даргаар томилох хүнийхээ нэрийг ирүүлсэн. Хуулиараа энэ хүмүүсийн хөрөнгө оруулгын мэдүүлгийг АТГ-т явуулж шалгуулах ёстой. Засаг дарга хийхэд ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй гэж хүлээн зөвшөөрсөн цагт аймгийн Засаг дарга батламжлахад бэлэн. Хамгийн гол нь АТГ-аас бид албан ёсны хариу хүлээж байна. Гэхдээ шинэ дарга нарыг батламжлаагүй гээд тухайн суманд төрийн ажил зогссон зүйл байхгүй. Өмнөх дарга нар өнөөг хүртэл хэвийн ажлаа хийгээд явж байна. Онцгой нөхцөлд байгаа эдгээр өдрүүдэд сумдын дарга нар мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна гэв.