Сэлэнгэ аймагт 2020 оны арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнийн шинжилгээгээр гурван хүнд халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдөр (2020.11.13) ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээний мэргэжлийн баг тухайн аймагт очиж ажиллахаар болжээ. Сэлэнгэ аймагт амьдардаг 70 настай эмэгтэйгээс коронавируст халдвар илэрсэн талаар өчигдөр (2020.11.12) Сэлэнгэ аймгийн онцгой комисс болон УОК-оос мэдээлсэн билээ. Тэгвэл тухайн иргэний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу авчраад байна. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан эмэгтэй (бэр) өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах, худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ 60 гаруй хүүхэд байсан тоглоомын төвд тоглуулсан гэх мэдээлэл байна. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган, энэ хүний явсан зураглалыг тогтоожээ. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсан илэрсэн тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон байгаа. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.