Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, бүх шатны сургалтын байгууллагын танхимын сургалтыг ирэх сарын 1-нээс амрах хүртэл нь цахим болон теле хэлбэрээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, ЕБС, цэцэрлэг энэ сарын 18-ныг хүртэл, их, дээд сургууль нэгдүгээр сарын 5 хүртэл теле, цахим хичээлээ үзсэнээр амарна. ЕБС-ийн хувьд хоёрдугаар сарын 1, их, дээд сургууль хоёрдугаар сарын 5 хүртэл амрах юм. Мөн Засгийн газрын хуралдаанаар зарим төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж буй төсвийн хөрөнгийг COVID-19 цар тахалтай тэмцэх ажилд захиран зарцуулах эрхийг олголоо.
Ийнхүү хөл хориог 12 сарын 01-ээс цааш сунгах эсэхэд тодорхой хариулт болж байна. Ямартаа ч сургууль, цэцэрлэгүүд ажиллахгүй бололтой. Харин хэрхэн амьдралаа залгуулах вэ? гэсэн асуултын өмнө хүрч ирсэн өдрийн орлоготой иргэд, хувиараа бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дорвитой дэм болчихоор шийдвэр одоог хүртэл гараагүй байна.