Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг сонгуулийн шоундаа буруу ашиглаж буруудсан Трамп нэлээдгүй шүүмжлүүлсэн, мөн сонгууль нь ч бүтэлгүйтсэн.
Тэгвэл түүний араас корона вирусыг улс төрийн зорилгоор ашиглах гээд амжилтгүй болсон хүмүүсийн тоонд манай Ерөнхий сайд орох нь бололтой. Их гүрнүүдийг донсолгож, дэлхийн эдийн засагт нөлөөлж буй энэхүү халдварт өвчин улс төрийн оноо авч болохуйц томоохон сэдэв боловч иргэддээ энэрэнгүй, эдийн засагт ээлтэй, эцсийн дүнд байгаа зөв онож чадах маш чадварлаг нэгэн тоглохгүй бол аюултай тоглоом гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль харуулсан. Харин манай улсын хувьд аль наашаа гэсэн болгоноос халдварын нэр барин хандив тусламж гуйж, түүнийгээ хэдэн дарга нар хувааж хүртсэн атлаа өнөөх өвчинтэйгөө нүүр тулаад ирэхээрээ яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хуралдсаар хөл хориогоо сунгаж байна. Цаашид ч яах нь тодорхойгүй. Хөл хориог сунгаж, албан газруудыг хаасан атлаа согтууруулах ундаа худалдах, бар пабуудыг ажиллуулах зэрэг шийдвэр гаргаж ажил олгогчдыг бус архидалтыг дэмжсэн хамгийн шилдэг шийдэл нь бололтой. Дэлхийд тэргүүлэгч олон орон иргэдээ хөл хорионд хэвээр нь байлгаж, эдийн засгаа ч аварч үлдсэн туршлагыг эсэргүүцсэн ч ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй л байсан Засгийн газар сар шахам хуралдасны эцэст хөл хорионд уйдсан иргэд паб орж пиво ууснаар эдийн засаг сэргэнэ гэсэн гайхалтай онолыг нээжээ.
Сонгууль хүртэл хүүхдийн мөнгө, халамжаар торгооно гэсэн төлөвлөгөө нь нурж, иргэд үүнээс илүү шийдвэр хүлээж буйг эрхэм Ерөнхий сайд харж буй байлтай. Бүгдээрээ бүтэн жил Netflix горимд шилжин амьдарсан ч болох халаас зузаантай тул хүүхдүүдийнхээ өдрийн хоолонд санаа зовж буй иргэдийг ойлгохгүй байж ч мэдэх юм. Юм л бол Путиныг дуурайж зургаа даруулдаг хүн урт хугацаат эдийн засгийн бодлогуудыг нь хуулаад ч болов нь нутагшуулж чадахгүй юм болов уу? Хий хоосон төсөөлөлдөө аархан өвчнийг үл тоож байсан Трамп хөл хорионы дэглэмийг өөрөө хүртэл зөрчин сонгуулийн шоу хийсэн шиг улс төржүүлэлгүй иргэдээ бодвол "унахгүй" ч байж мэдэх л юм.