Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод (2020.12.27) хөл бөмбөгийн зууны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, багийг тодруулах "Golden Soccer Awards" зохион байгуулагдлаа. Зууны шилдэг хөлбөмбөгчнөөр алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано Роналдо тодорсон бол зууны шилдэг дасгалжуулагчаар өдгөө Манчестер Сити багийг дасгалжуулж буй Пеп Гвардиола тодорчээ.
Өдгөө 35 настай Кристиано Роналдо 2000 оноос хойш өдийг хүртэл Испани, Англи, Итали зэрэг Европын томоохон лигүүдэд түрүүлж, Португалийн шигшээ багийн хамтаар 2016 онд Европын аваргаар тодорсон.
Кристиано Роналдо шагналаа гардан авсныхаа дараа “Цом, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг. Хөл бөмбөгийг дээд түвшинд олон жил тоглоно гэдэг амаргүй. Өөрөөрөө бахархаж байгаа ч үүнийг би баг, дасгалжуулагч, хамт олонгүй бол хийхгүй байлаа” хэмээжээ.
Кристиано Роналдогийн биет төлөөлөгч Хорхе Мендес 2020 оны шилдэг агентаар тодорсон.
Кристиано Роналдо твиттер хуудаснаа “Өнөөдрийн энэхүү шагналыг хүртсэндээ итгэж чадахгүй байна. Миний мэргэжлийн хөлбөмбөгт өнгөрүүлж буй 20 дахь жилийг тохиолдуулан зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсанд баяртай байна” гэж жиргэжээ.
Харин Пеп Гвардиолагийн хувьд 2000 оноос хойш Испани, Герман, Англи зэрэг топ лигүүдэд баг дасгалжуулан түрүүлснээс гадна УЕФА Аваргуудын лигт Барселона багийг удирдан хоёр удаа түрүүлсэн билээ. Тэрбээр ёслолын арга хэмжээнд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд дүрс бичлэг илгээсэн гэнэ.
Мөн Испанийн Реал Мадрид зууны шилдэг багаар тодров. Реал Мадрид баг Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт 2000 оноос хойш таван удаа түрүүлж, FIFA клубуудын дэлхийн аваргад дөрөв түрүүлжээ.
Эх сур: news.mn