Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд 5 хонож байна. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилчид ажлын үнэмлэх, тодорхойлолтоор зорчиж буй. Нийслэлийн хэмжээнд Нэг хаалга-Нэг шинжилгээ-г өрх бүрээс авч байгаа бөгөөд өнөөдөр СХД-ийн өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулна.
Тэгвэл өнөөдөр өглөө худалдааны салбарын байгууллагад ажилладаг хүмүүсээс эргүүлүүд PCR шинжилгээний хариу шаардаж, иргэд Эрлийн уулзвар дээр 3 цагт түгжирч, ажилдаа очиж амжаагүй аж. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүйд тэд бухимдалтай байна.
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилчдаас шинжилгээний хариу шаардсан хэвээр байгаа бөгөөд энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга И.Ганзориг "Хэвлэлийн ажилчдаас PCR шинжилгээний хариу шаардахгүй" хэмээж байсан юм. Харин эргүүлд гарч байгаа хүмүүс PCR шалгах талаар тодорхой мэдээлэлгүй байгаа нь эндээс харагдаж байна.