Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа теле, цахим хэлбэрээр үргэлжилнэ. КОВИД-19 халдварын цар тахлын нөхцөл байдлыг харгалзан Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын зөвлөмж, чиглэлийг үндэслэн нийслэлд танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг товлоно гэж БШУЯ-наас мэдээллээ.
Орон нутгийн сурагчид танхимаар хичээллэнэ
Аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар оруулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаал болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан түр журмаар зохицуулна. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр аймгуудын Боловсрол, соёл урлагийн газруудад сургалт зохион байгуулна.
Цэцэрлэг, бага анги, тусгай сургуулийн суралцагч, дотуур байрны хүүхдийн үдийн цай, хоолны үйлчилгээнд онцгойлон анхаарах, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, амин дэмээр баялаг бүтээгдэхүүн, халуун ундаа хэрэглэхийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зөвлөж байна.
Эх сурвалж: БШУЯ