АН, даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны, АН-ын дарга С.Эрдэнийн хэмээх хоёр тал болон хуваагдаад хэдэн сарын нүүр үзлээ. Тэд талцал хуваагдалдаа цэг тавихаар зөвшилцөж эхэлсэн боловч уг зөвшилцөл амжилтад хүрээгүй.
Тиймээс хоёр АН хоёул намын даргын сунгаа хийх хэвээрээ үлдсэн. Энэ сарын 28-нд АН-ын даргын дотоод сунгаа явагдана.
Ц.Тувааны талын намын даргын сунгаанд дөрвөн залуу өрсөлдөж байгаа бол С.Эрдэнийн талын сунгаанд таван хүн намын дарга болохоор өрсөлдөж байна.
Ц.Туваан нар энэ сарын 28-нд санал хураалт явуулахаар товлож, С.Эрдэнэ нар ирэх 4 дүгээр сарын 25-нд сунгаа явуулна гэж байсан ч уг санал хураалтаа наашлуулж, мөн энэ сарын 28”нд болгоод байгаа юм.
Ц.Тувааны талаас намын даргын сунгааг зарлахад нь 17 хүн нэрээ дэвшүүлсэн. Заримыг нь АН-аас хасагдсан хэмээн бүртгээгүй /Н.Алтанхуяг/ бол зарим нь сонгууль зохион байгуулагчийн дансанд мөнгөө байршуулахыг эсэргүүцсэн. Тухайлахад УИХ-ын гишүүн С.Батсуурь нар.
Ийнхүү хасагдсаар Баянзүрх дүүргийн засаг дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар намын дарга болно хэмээн өрсөлдөж байна. Тэд гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулсаар байна.
С.Эрдэнийн тал намын даргын сунгаа явуулах хугацаагаа наашлуулж, энэ сарын 28-нд нөгөө талтайгаа зэрэг зохион байгуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч баасан гаригт нэр дэвшигчдийг батламжлан цахим сурталчилгааг эхлүүлсэн.
АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигч бүртгүүлсэн юм.
Ц.Туваан нарын зохион байгуулж байгаа намын даргын санал хураалтад АН-ын гишүүд биечлэн цаасан хэлбэрээр санал өгөх бол С.Эрдэнийн нарын талынхан сонгуулийг цахимаар зохион байгуулахаа мэдэгдээд байгаа.
Энэхүү хоёр саналыг нэгтгэх хүсэлтийг С.Эрдэнэ нар гаргасан ч Ц.Туваан нар татгалзсан аж. Тиймээс 28-наас өмнө хоёр тал нэгдсэн байр суурьтай болж чадахгүй бол тус тусдаа санал хураалт явагдаж АН хоёр даргатай болох болно.
Ингэвэл АН дахиад хоёр даргатай болж, хэнийг нь Улсын Дээд шүүх бүртгэж авахаас дараагийн улстөрийн үйл ажиллагаанууд хийгдэж таарна.
АН үүнээс өмнө 2005 онд М.Энхсайхан, Р.Гончигдорж гэсэн хоёр даргатай болж хэдэн сар зодоон цохионтой яваад эцэст нь М.Энхсайхан нарыг АН-аас хасч нэг дарга, нэг тамгатай болж байсан түүх бий. Тэгвэл өнгөрсөн онц сүүлчээс эхэлсэн С.Эрдэнэ, Ц.Туваан гэх хоёр даргын түүх хэдий болтол үргэлжлэхийг энэ сарын 28-нд болох санал хураалтууд, тэндээс гарах шийдвэрүүдийг Дээд Шүүх хэрхэн авч үзэхээс шалтгаалахаар болоод байна.