С.ЦОГТСАЙХАН
Ардчилал бидэнд юу авчрав?
...Хоосрол эх захгүй хэрүүл, бухимдал... Урьд нь юм юмтай болоод л байсан. Ядаж л сүү махаар тасардаггүй байсан. Ардчилал гар дээр минь юу ч тавьсангүй, харин ч олон юмыг минь авлаа. Байсан юмыг байхгүй болгов. Уг нь хичнээн сайхан амьдарч байлаа. Хамаг найдварыг хөсөрдүүлсэн....
Ардчилал яг ийм юм авчирлаа гээд гар дээр чинь тавих юм даанч алга даа. Хэдэн үг хэлье. Урьд нь та нэгдэлжих хөдөлгөөн надад юу авчрав? Эсвэл МАХН-ын Их хурал надад юу өгөв? гэх мэтээр асуудаггүй байжээ. Асуух нь бүү хэл асууж болдгийг ч мэддэггүй байжээ. Тэгэхээр ардчилал танд нэгдүгээрт бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлдэг хатан зориг хайрлажээ. Урьд нь та даргад тал засч тушаал дэвшихийн мөрөөдөлд шатан, бялдуучлалын ухаан сийлж нойр алдан тарчилдаг байсан бол одоо эрх чөлөөт хүний нойроор бөх, сайхан унтдаг болжээ. Ингэхийн сацуу та хоолой боосон зангиагаа нэг удаа авч, ижийнхээ оёж өгсөн дээлийг авдарнаасаа гарган тоосыг нь гүвээд, би Чингисийн монгол гэж хашгирахдаа хэл чинь эвлэхгүй, айдсын хар зүү зүрхийг чинь чим чим хатгадаг байсан л даа. Гэвч аажимдаа дасч одоо бүр энд тэнд ярьж явдаг болжээ. Урьд нь ингээд хэлж ярьж яагаад болоогүй билээ гэж бодохоос уур чинь хүрч хэн нэгэн хүнд үхтлээ чадуулсан шиг санагдан хор шар нь буцлахдаа би хэлмэгдэж явсан юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хүрээд ч зогсоогүй би хэлмэгдэж явлаа гэж ярих болсон. Та сайн унтаж байгаа болохоор өнгө зүс сайжирсан боловч хэлмэгдсэндээ уурлан бухимдангуй дүртэй болжээ. Та ардчиллын буянд анх удаагаа Гандантэгчилэн хийдэд очиж үзсэн. Тэнд очоод бурхан, лам харахаасаа ил үү таньдаг хүн тааралдах вий гэж яс хавталзан ийш тийш хяламхийж байлаа. Гэвч аажимдаа дасч, ганц муу эх чинь өөд болохдоо захисан номыг нь сэмээрхэн уншуулж, олон жилийн сэтгэлийн шархаа эдгээсэн. Сүүлдээ чангарч өөртөө Алтангэрэл уншуулж, хийморийн сан тавиулаад зогсохгүй амандаа ганц нэг тарни хэлэх болжээ. Ханын шилэн тавилганы гол шүтээн Ю.Цэдэнбалын гоёмсог цагаан ботиудыг авч хаяад оронд нь “Нууц товчоо” тавьж дээхэн талд нь Чингисийн хөрөг өлгөснөөр та анх удаагаа үнэн сэтгэлээсээ сүсэглэхийн сайхныг мэдэрсэн билээ. Үүнээс гадна танд даргынхаа эхнэрийн улыг үнсэн байж авахуулсан тусгай дэлгүүрийн пропуск хэрэггүй болжээ.
..Уг нь хичнээн сайхан амьдарч байлаа. Хамаг найдварыг хөсөрдүүлсэн. Тийм ээ, таны найдварыг хугалсан нь үнэн. Таны хорин жилийн хөдөлмөрийг хоёрхон хоногт балласан нь бас үнэн. Хорин жил шургуу бялдуулчилж албан тушаалын төлөө боол болж явна гэдэг аугаа их тэвчээр бөгөөд энэ нь таны хөдөлмөрийн гол бүтээл байсан юм. Гэтэл энэхүү бүтээлийг Ардчилал устгав. Дарга нар чинь огцорлоо. Уурандаа багтармаар, багтарсандаа ардчиллыг шүүхэд өгмөөр байгаа биз. Уг нь та Нүхтэд байшин бариулж байсан билээ. Сочид амрах гээд сорочкоо угаалгаж байсан билээ. Даанч яав даа үнэхээр найдварыг тань хугалсан шүү. Урьд нь та ганцаараа гадаад яваад бусад нь таныг их юм үзсэн хэмээн шүтэж суух ёстой байжээ.Гэтэл бүгдээрээ гадаад явж нүд нүд тайлаад таныг гөлөөг ч гэх хүн гарсангүй. Тэр бүү хэл захын муу банди хүртэл Польш, Герман, Англи, Америк, Япон явж “найдваргүйтлээ”. Үүдний малчин хүн хөгшин Европыг үзэж, та хоёрын нүдний ялгаа арилав. Та урьд нь хөрөнгөт орны тухай төсөөлөлгүй байсан бөгөөд гагцхүү алтан Москвад хэд хоносныгоо азтайд тооцож, бусдын дээгүүр хардаг байлаа. Гэтэл тугал хариулж явсан хүү туг бариад энэхүү ертөнцийн байдалтай танилцахад атаархлын галдаа түлэгдэж, та минь ээ, энэ жил Японд тэд, Англи, Америкт төчнөөн хүн явж улсын валют үрлээ гэж бархирав. Жирийн Монгол хүн Англи, Америкт явсанд туйлын ихээр хорсов. Уг нь та болон таны тойрон хүрээлэгчид гэгээн дүр эсгэн гадаадаар яваад, ард түмэн хөмөрсөн тогоон дотор үлдэх байж л дээ. Садар самуун гэх нэрийн дор хүнээс булааж авсан дүрс бичлэгийн хуурцгийг НАХЯ-ны тусгай жижиг өрөөнд цөөхүүлээ үзээд пөөх паах гэж дуу алдах хирнээ нүд салгалгүй ширтэж, тэрүүхэндээ шивнэлддэг байсан амттайхан үе чинь өнгөрчээ. Их тэнгэр, Нүхтийн нууцхан цэнгэл, аятай самуун мөч дуусчээ. Энэ бүхнээс чинь салгасан ардчилал танд яахин аятай сэтгэгдэл төрүүлэх билээ.
Ардчилал гар дээр минь юу тавив?
Та тайвшир, Хуруу чинь юунд чичирнэ. Анхаарлаа өөр зүгт хандуулж нэг цалингаас нөгөө цалингийн хооронд амьдралаа залгуулсан он жилүүдээ нэг дурсаач. Пүүс гэж ярихаар Даашинхүүгийн пүүс гэсэн зэвүүхэн хятад санаанд чинь орж, хоршоо гэхээр хоцрогдсон юм ярилаа, дэлгүүр гээч гэх маягийн юм ярьж нэг госчомоо 10 жил индүүдсээр, нэг юмаа 10 жил номлосоор нэг маягийн цалин, нэг маягийн амьдралаар хорвоог барсан алтан үеэ эргүүлж авчрахыг хичээ. Эс чадваас өгөхийг биш авахыг хүсэх дадлаараа ардчиллыг зүхэн зүхэн байж алгаа тос. Баян хоосон, сохор доголон, хөгшин залуу гэж ялгалгүйгээр тэнцүүхэн хуваарилсан орон сууц, газар шороог чинь эрх чөлөөтэй хамт олгоё
2003 он