Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧИД ӨВЛИЙН АМРАЛТААРАА СОЛОНГОСЫН АЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦАНА Б. ДАРИЙМ: ЭРДЭМТ МЭРГЭД ҮҮДЭНД СУУЖ, АВИЛГАЧ НОЁД НЬ ХОЙМОРТ ЗАЛАРСАН ЭНЭ ЦАГ ҮЕД ЧИНГИС ХААНЫ ҮЗЭЛ САНАА МАШ ХЭРЭГТЭЙ УЧРААС БИД УЛАМ СУДЛАХ ЁСТОЙ. С.Ганбаатар: Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо СЭТГҮҮЛЧ Н. ӨНӨРЦЭЦЭГ ХОРИХ АНГИАС БИЧСЭН ЗАХИА 2024.10.28 Дундговь аймгийн Хулд суманд хээрийн түймэр гарч, 300 га талбай шатжээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ Инфляцын түвшин 6.7 хувьд хүрэв Нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна Мөрийтэй тоглоом дэлхийн хэмжээний эрүүл мэндийн аюул болоод буйг мэргэжилтнүүд анхааруулжээ Б.Жавхлан: Худалдааны зориулалтаар оруулж ирэх технологийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхгүй
ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАСАГ ТӨРИЙН ТОГТОЛЦОО, СОЁЛ ИРГЭНШИЛ, ЛЕГИТИМЧЛЭЛТЭЙ УЯЛДАХ ТУХАЙ

“Монголчуудыг нэгтгэнэ гэдгийг хаанТ засаглалд оруулах НЬ ГЭЖ  ойлгож үл болно”

Монгол дахь засаглалын зохистой хэлбэрийг тогтооход Монголын улс төрийн түүхэнд гарсан алдаа, оноо, түүхэн сургамж, засаг төрийн уламжлалт тогтолцоо, легитимчлэл, улс төрийн гол үзэл суртал, нүүдлийн соёл иргэншил, түүнээс өгөгдсөн ард түмний менталитет зэрэг хүчин зүйлийг тооцон үзэх зайлшгүй шаардлагатай. 1924, 1940, 1960, 1992  оны Үндсэн хуулиудыг батлах  явцад энэ асуудлыг төдийлөн анхаараагүй бөгөөд ингэх ч боломжгүй байсныг та бүхэн мэднэ. Иймээс тус нийтлэлээр энэхүү асуудлыг тодруулах зорилго тавьсан болно.
Персийн түүхч Рашид- Адин, “Судрын чуулган” бүтээлдээ “Талын нүүдэлчин Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нүүдлийн соёл иргэншилтэй улс энэ дэлхийд үгүй юм” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Суурьшмал соёл иргэншил нь байгалийг өөрчлөх, байгальтай тэмцэлдэх хандлагатай бол нүүдлийн соёл иргэншил нь байгальд дасан зохицох, байгалийг аргадаж, байгалийн эрхшээлд өөрсдийн амьдралаа зохицуулж амьдардаг онцлогтой. Талын нүүдэлчин Монголчуудын хувьд эрт үеэс өргөн уудам нутагтай, жилийн дөрвөн улиралд өөртөө аль таатай өвөлжих, намаржих, хаваржих, зусах байгалийн өгөгдөл хайж дураараа нутаг сэлгэж, нүүдэллэн тархай бутархай овог, аймаг, ханлигийн зохион байгуулалтаар, ямар нэгэн томоохон удирдагчид үл харьяалагдах байдлаар эрх чөлөөтэйгээр амьдарч ирсэн түүхтэй. Хэрэв аль нэг овог аймгийн удирдагч эрх чөлөөг нь хасах гэвэл давын өмнө эрх чөлөөгөө эрж, өөр удирдагчийн харьяалалд ордог. Эсвэл гэр бүлийнхээ хамт ой шугуйд амьдрахаар оддог. Тиймээс Монголчууд эрт үеэсээ ихэд эрх чөлөөг эдэлж ирсэн онцлогтой бөгөөд суурьшмал соёл иргэншил шиг газар тариалан эрхэлдэггүй учраас бөөнөөрөө шавж суудаггүй ард түмэн юм. Чухам энэ шалтгаанаас үүдэж эртний Монголчууд төвөөс зугтах буюу бие даах байгалийн өгөгдөл авчээ. 
Иймээс Монголчуудыг нэгтгэх бодлого хамгийн чухал бөгөөд амжилттай хэрэгжсэн үед Монголчууд мандан бадарч, дэлхийн татах хүчний төв нь болж байсан бол дотооддоо эрх мэдлийн төлөө өрсөлдөж задарч бутарсан үед эсвэл гадны улсуудын хагалан бутаргах бодлогоос үүдэн тархай үедээ Монгол төрийн гал голомт бөхөж, бусдын идэш болсон гашуун түүхийг хэзээ ч мартаж болохгүй.
Монголын түүхэнд мандаж буурч байсан Хүннү, Сүмбэ, Нирун, Их Монгол улс, Их Юан улс, Богд хаант Монгол улс зэрэг нь бүгдээрээ нэгэн хүчтэй удирдагчийн төвлөрсөн зохион байгуулалтын дор байгуулагдсан гэдгийг санах хэрэгтэй. 1911 онд Монголчууд Манжийн дарлалаас салж тусгаар тогтнолоо сэргээхдээ ч гэсэн Богд хааны нэгдсэн удирдлага дор нэгдэн нягтарч төр улсаа сэргээн мандуулсан бөгөөд Богд хааныг тойрон хүрээлсэн Богд Хаант Монгол улс байгуулагдсан явдал нь 1924 онд тогтсон ардын төр, 1992 онд байгуулагдсан ардчилсан Монгол улсын тулах цэг гэдэгтэй хэн ч маргахгүй.
Бусад үед тодруулбал Их Нирун улс дотоодын хаад ноёдын хагарал хуваагдлаас шалтгаалж 555 онд мөхсөнөөр Монголчууд Түрэг угсааны улсуудын дарлалд 400 жил дарлагдсан бол Их Монголын эзэнт гүрний задран бутрал Чингис хааны залгамжлагчид Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын хооронд үүссэн хаан ширээний төлөөх тэмцлээс үүдэлтэй. 1260 онд явагдсан хаан ширээний төлөөх Аригбөх, Хубилай нарын ширүүн тэмцлээр Монгол гал голомт Бээжинд шилжсэн явдал,  Их Юан улс мөхсөний дараах нэгдсэн төр удирдлагагүй улс төрийн бутралын үе, үүнээс шалтгаалан ар, өвөр, баруун Монгол гэж гурван хэсэгт хуваагдан Манжийн эрхшээлд орсон зэрэг түүхэн сургамжтай олон үйл явдлуудыг бид нэрлэж чадна.

Тэгвэл бидний Монголчууд эрт үеэс чухам ямар онцлогтой засаглалын легитимчлэлийг хүлээн зөвшөөрч, ямар удирдагчийг тойрон хүрээлж, нэгдэн нягтарч, тэдний юунд итгэж найдаж, юуг улс төрийн философи болгодог байсан бэ гэдэгт анхаарлаа хандуулья. 
Эртний Монголчуудын засаг төрийн уламжлалт тогтолцоо нь нэг хүний засаглалыг ардчилалтай хослуулах явдал байсан бол улс төрийн гол үзэл суртал нь нэгдүгээрт; шүтэн захирагдах ёс хоёрдугаарт; мөнх тэнгэрийн үзэл буюу “тэнгэрчлэл” байв. Нэг хүний засаглалыг ардчилалтай хослуулна гэдэг нь Монголын түүхэн дахь бүхий л улсуудад эзэн хааны дэргэд зөвлөх эрх бүхий язгууртны болон цэцдийн хуралдай ажиллаж байснаар тодорхойлогдоно. Хэдийгээр хаанд хэмжээгүй эрх мэдэл төвлөрдөг ч алтан ургийнхан, цэцэн мэргэдээс бүрдсэн хуралдайгаас зөвлөгөө авч төрийн бодлогоо явуулдаг байжээ. Энэ нь Монголчууд эрт үеэс хаант засаглалыг тойрон нягтарч, төр улсын аливаа хэргийн хэлэлцэхдээ бүгд хэлэлцдэг ардчилсан зарчим баримталж улс гэрээ төвшитгөдөг байсныг харуулж байна. 
Эзэн хаадынхаа гарал үүслийг тэнгэр бурхнаас улбаатай гэж ойлгодог дорно дахины эртний улсуудын нэгэн адил Монголчууд өөрсдийн хаант төрийг мөн л ер бусын дээдийн ариун гэгээн гаралтай хэмээн өргөмжилж байв. Монголын анхны төрт улс Хүннү нар эзэн хаанаа тэнгэрээс заяат Шаньюй, тэнгэр газар, нар, сараас заяат их Шаньюй гэх зэргээр өргөмжилж байжээ. Цаашлаад Монголын төр тэнгэрлэг язгууртай болох тухай өвөрмөц үзлийг “Монголын нууц товчоо”–нд яруу тодоор тодорхой өгүүлжээ. “Монголын нууц товчоо”-ны  эхний хэсэгт  Чингис хааны язгуур нь  дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно болох талаар домогчлон өгүүлсэн нь Чингис хааныг жирийн хүн бус дээд тэнгэрийн хөвгүүн гэдгийг батлахад чиглэжээ. Ийнхүү Чингис тэргүүтэй хаадын удам угсаа мөнх тэнгэрээс үүдэлтэй гэсэн гэсэн үзэл санаа улам бүр хүчээ авч энэ нь XIII зуунд байгуулагдсан Их Монгол улсыг бэхжүүлэх  легитим төдийгүй төр улсаа хуульчлан зөвтгөх, улмаар мөнх тэнгэрийн хүчээр  ертөнц дэлхийг захирах эрхээ ч хуульчлан үндэслэх улс төрийн үзэл суртал болтлоо хөгжиж чаджээ. 
Мөнх хөх тэнгэр болон тэнгэр язгуурт хааны засаглалыг эртний Монголчууд хамгийн төгс удирдлага гэж үзээд засаглуулахад бэлэн байсан нь  үнэмлэхүйн дээд мөнх тэнгэр минь, үнэнийг үнэн болгож заяасан тэнгэр минь, хамгийн дээд мөнх тэнгэр минь, хамаг бүгдийг заяасан тэнгэр минь, хөдлөхийн дээд хөх мөнх тэнгэр минь, хөдлөх бүгдийг заяасан тэнгэр минь гэх мэтээр тэнгэрийг олон зууны турш магтан тахисаар ирсэн явдлаар тодорхойлогдоно. Өдгөөгийн монголчууд өөрийн сайн сайхан яваагаа, амжилт, алдаа оноогоо төр засагтайгаа холбож, төрийн минь буян, төрийн минь сүлд өршөө, төр түмэн нүдтэй, төр төмөр нударгатай гэх мэтээр ярьдаг нь ч дээрх тэнгэрлиг язгуурт төртэй байсантай нь шууд холбоотой.  Тэнгэрлиг язгуурт төр нь ч үүргээ сайн биелүүлж Монголчуудыг тархай бутархай үед нэгэн хүчтэй удирдлага дор төвлөрүүлж, ард олныг мөр бүтэн гэдэс цатгалан, байлгаж, ачлал энэрлийг үзүүлж бурууд хатуу, зөвд шударга урамшуулал хүртээж, амар амгаланг тогтоож байсны хэрээр ард иргэд нь ч төр засаг, эзэн хаанаа тэнгэрчлэн шүтэж нэг ёсондоо шүтэн захирагдах ёс Монголын нийгэмд ноёрхож байв. Энэ нь угтаа дорно дахины деспотизмын онцлог бөгөөд эзэн хаан нь бурхан тэнгэрээс гаралтай учир асар их нэр хүндтэй, олон түмнээр хүрээлүүлсэн байдаг бол өрнө дахины деспотизмын онцлог нь ард иргэдээ үг дуугүй хүчээр захиран дарангуйлахад оршино. (Эртний Ром) Германы философич Ф.Гегелийн хэлсэнээр Өрнө, Дорнын деспотизмын гол ялгаа нь энэ болой. Чухамхүү дорно дахины деспотизмын гол онцлог нь шүтэн захирагдах ёс юм. Монголчууд үе үеийн төрийн тэргүүнээ дээдлэн хүндэтгэж, дээд язгууртан, тэнгэр заяат хэмээн шүтэж, тэрхүү шүтлэгээ дагаж, захирах, захирагдах ёсыг чанд сахиж иржээ. Энэхүү шүтэн захирагдах ёс зөвхөн хаан, харц ардын хооронд төдийгүй тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л хүрээнд нэвтэрч монгол түмний оршин тогтнох ёс суртахууны нэгэн үнэлэмж болж чаджээ. Их эзэн богд Чингис хаан XIII зуунд монгол туургатнаа нэгтгэсний дараа “Хүү нь эцгээ хүндэтгэхээ, эцэг нь хүүгээ ачлахаа, эр нөхөр нь эхнэртээ итгэхээ, эхнэр нь нөхрийнхөө үгийг авахаа, багачууд нь ахмадыгаа хүлээн зөвшөөрөхөө, баян нь ядуугаа тэтгэхээ, дорд хүмүүс нь дээдсүүддээ хүндэтгэл үзүүлэхээ больсноос газар сайгүй яахын аргагүй эмх замбараагүй байдалд идэгдэж, эцэс төгсгөлгүй дур зоргоороо авирлах явдал ноёрхжээ. Би үүнийг эцэс болгож, хууль ёс, дэг журмыг тогтоосон бөлгөө” хэмээсэн юм. Бас Их Засаг хуульд шүтэн захирагдах ёсыг хуульчлан “Хөвгүүн хүүхэд, хүүхэд, эцэг эхээ үл хүндлэгсэд, дүү нар багачууд, ах ихсээ үл хүндлэгсэд, гэргий нь эрийнхээ зарлигийг үл дагагсад болон харъяатан захирагчдаа үл хүндлэгсдийг хүндээр шийтгэмой” гэжээ. Монгол ёсоор үр хүүхэд нь эцэг эхээ, залуу үе нь ахмад үеэ, эхнэр нь эр нөхрөө , харц ард нь хаад ноёдоо, шавь нар нь номын багшаа шүтэж, тэрхүү шүтлэгээ дагаж үг дуугүй захирагдах ёстой аж. Иймээс “Шүтэн захирагдах“ ёс нь дорно дахины нийгмийн тогтолцооны үндэс төдийгүй бас улс орныг удирдах засаглалын легитим шинж нь болж байжээ.
Тэгэхээр нүүдлийн соёл иргэншилтэй, түүнээс улбаалсан эрх чөлөөг эрхэмлэдэг Монголчуудын хувьд нэгдэх, нягтрах шалтгаан нь удирдагчийн онцгой авьяас чадвар, харизмд суурилсан төвлөрсөн нэгдмэл хүчтэй удирдлага болж таарч байна. Өөрөөр хэлбэл бидний цөөнгүй нийтлэлд өгүүлсэнчлэн задрал бутрал, хуваагдал нь Монголчуудад гашуун түүхийн сургамж үлдээж, харин нэгдэл, нягтрал, төвлөрөл нь олон их гүрэн байгуулах боломж олгоод зогсохгүй өнөөгийн Монгол улсын суурийг тавьсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл Монголчуудыг нэгдэл нягтралтай байлгаж чадах засаглалын ямар хэлбэр байж болох вэ. Нэгдэл нягтрал засаглалын ямар хэлбэртэй уялдаж болох вэ. Зарим хүмүүс Үндсэн хуульт хааны засаглал Монголд тохиромжтой хэмээн үздэг. Гэвч энэ нь боломжгүй. Учир нь бид аль 1924 онд бүгд найрамдах засаглалыг сонгон авс­­наас гадна Япон, Англи шиг үе улиран угсаа залгамжилж ирсэн хаангүй. Энэ тохиолдолд хэн нэгэн хүнийг хаанаар өргөмжиллөө гэхэд 1911 онд Монголчууд Богд хааныг хүлээн зөвшөөрч, нэгдэн няг­тарсан шиг үйл явдал болохгүй нь то­дор­хой бөгөөд үүнээс үүдэн бүр их хагарал, хуваагдал үүсэх сөрөг үр дагавартай. 
Харин парламентын засаглалын хувьд өмнөх нийтлэлүүдэд өгүүлсэнчлэн  төрийн эрх мэдлийн хяналт тэнцэл алдагдах, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүд нэг намын гарт орох, намын дотоод сахилга бат, бусад эрх ашгийн зөрчил хуваагдлаас үүдэн Засгийн газар тогтворгүй болох, мэргэжлийн бус Засгийн газар бүрдэх, Монтескьегийн хэлсэнчлэн парламентаас тогтоосон хуулийн хэрэгжилт алдарч, нийгэмд дур зоргоороо авирлах явдал газар авдаг учраас талцал хуваагдлыг хамгийн их өөгшүүлдэг засаглалын хэлбэр юм. Монголчууд бид 1992 оны Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хоёр толгойтой гүйцэтгэх засаглал байгуулсан төдийгүй тус бүрийн чиг үүрэг, хяналт тэнцлийн харьцааг зохицуулж чадаагүйн улмаас нэгдсэн удирдлагагүй, үүрэг хариуцлага тодорхойгүй гүйцэтгэх засаглалтай болсон. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нэг намд харьяалагдаж буй үед хэн нь эцсийн шийдвэр гаргах гэсэн тэмцэл өрнөдөг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өрсөлдөгч намынх бол Ерөнхийлөгч Засгийн газрын хооронд бие биенээ боомилох, улмаар гүйцэтгэх засаглалыг бусниулах дайн дэгддэг. Хамгийн харамсалтай нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцэтгэх эрх мэдлийг хоёр толгойтой байлгадаг дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадсангүй эсрэгээрээ Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрх мэдэл  өгснөөр Засгийн газрыг тэргүүлэхээс бусад гүйцэтгэх засаглалын бүх чиг үүргийг хэрэгжүүлдэг Ерөнхийлөгчтэй намын эрх ашгийн зөрчлөөс үүдэн тэмцэлдэх эсвэл хэн нь гол тоглогч байх вэ гэсэн талцал хуваагдлыг таслан зогсоож чадсангүй.
 Тэгвэл бүгд найрамдах засаглалын бас нэг салаа мөчир Ерөнхийлөгчийн засаглал нь Монголчуудыг нэгдэл нягтралтай байлгаж чадах уу гэдэг дээр ярилцъя.  Ерөнхийлөгчийн засаглал нь төрийн эрх мэдлийн хуваарилалт дээр үндэслэсэн бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүд зөвхөн ард түмнээс угшилтай байдаг онцлогтой. Ард түмнээс сонгогдсон гүйцэтгэх засаглал нь парламентаас тусдаа байгуулагдаж, тусдаа оршин тогтнодог учир парламент нь засаглагч институт байхаа больж, улмаар парламентаас Засгийн газрыг байгуулах, дэмжих албагүй болсноор парламент нь улс төрийн намын, Засгийн газрын, Ерөнхий сайдын эрхшээл дарангуйллаас чөлөөлөгддөг. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ийнхүү салгаснаар Улсын Их Хурал, Засгийн газар хоёр ха­рилцан бие биенээ барьцаалдаг, дарам­тал­даг, халхалдаг, хамгаалдаг асуудал устахын дээр Засгийн газар байгуулах, хадгалахын тулд Улсын Их Хуралд байнгын олонх бүр­дүү­лэх асуудал арилж, олонх, цөөнх, эрх баригч ба сөрөг хүчин гэж талцаж хуваагдах шаардлагагүй болдог. Тэдгээрийн хамтаар парламентад янз бүрийн бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх, хагарал хувааг­­далд хүргэх явдал бүрмөсөн ус­тах боломжтой. Эндээс харвал  Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглал нь Монголчуудын хувьд нэгдэж нягтрах засаглалын хэлбэр болж таарч байна. Гадаад улстай гэрээ хэлэлцээр хийх, төсөв санхүүгийн төлөвлөгөө гаргах, хуваарилах, цэрэг арми зохион байгуулах, улсыг батлах хамгаалах, иргэдийн эрх чөлөөг хангах, хамгаалах зэрэг олон тооны нарийн чимхлүүр, зааварчилгаа шаардсан ажлууд нь гүйцэтгэх засаглалын хамрах хэрэгт багтдаг. Эдгээр бүх хэргийг удирдан зохион байгуулах эрхэм нь бүх ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх засаглалын бүхий л хүч, энергийг өөртөө төвлөрүүлж, улс орноо нэгдмэл удирдлагаар хангаснаар үндэсний  удирдагчийн  хэрэгцээ шаардлагыг хангах боломжтой юм. 
Энэхүү нийтлэлийн зорилго нь засаглалын зохистой хэлбэрийг тогтооход Монголчуудын уламжлалт засаг төрийн тогтолцоо, легитимчлэл, нүүдлийн соёл иргэншил,  түүнээс өгөгдсөн ард түмний менталитет зэрэг суурь өгөгдлийн талаар ярилцаж, тэдгээр хүчин зүйлд нийцсэн засаглалын ямар хэлбэр байж болох талаарх хэлэлцүүлэг юм. Тэгвэл засаглалын зохистой хэлбэрийг тогтооход нөлөөлөх бас нэгэн суурь хүчин зүйл нь манай орны байгаль, цаг агаар, газарзүйн орчны нөлөөлөл гэдгийг санах хэрэгтэй. Байгаль цаг агаар, газарзүйн орчны нөлөө нь тухайн улсын нийгэм эдийн засгийн хөгжилд төдийгүй хүн амын бие бялдар, сэтгэлзүйн онцлогт хүртэл нөлөөлдөг гэх онолууд цөөнгүй. Тодруулбал хүйтэн сэрүүн бүсд амьдардаг ард иргэд ямарч орчинд дасан зохицох чадвартай, өлчир чийрэг, хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ажилсаг, ёс суртахууны хувьд өв тэгш, шударга ёсыг эрхэмлэдгээс  гадна бие бялдрын хөгжил сайтай байдаг ажээ. Эсрэгээрээ халуун дулаан бүсд амьдардаг иргэд цалгар, назгай, удаан хөдөлгөөнтэй, залхуу хойрго, ёс суртахууны доголдолтой, бие бялдрын хөгжил муутай байх явдал элбэг тохиолддог. Иймээс цаг агаарын ямар бүсд амьдарч байна гэдгээс шалтгаалаад тэдэнд тогтоох хууль ялгаатай байх ёстой агаад хүйтэн сэрүүн бүсэд амьдрагчид амьдрах чадвар сайтай учраас тэдэнд чанга хатуу хууль зохихгүй, харин халуун дулаан бүсэд амьдрагчдад чанга хатуу хууль хэрэгтэй. Чанга хууль нь тэднийг амьдралаа өөд татахад нь түлхэц болох ёстой ажээ. Харамсалтай нь Монтескье цаг агаарын нөхцөлд тохируулсан хуулийн тухай л ярьснаас бус түүнд хамааруулах засаглалын хэлбэрийн тухай асуудлыг яриагүй юм. 
Тэгэхээр Монголчуудын эртнээс оршин суусаар ирсэн газар нутаг цаг агаарын эрс тэс нөхцөлтэй, зуныг эс тооцвол хүйтэн сэрүүн уур амьсгалтай нутаг. Тиймээс бидний Монголчууд ёс суртахууны хувьд шударга ёс, тэгш байдал, эрх чөлөөг эрхэмлэдэг, аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр сайтай улс ард түмэн юм. Монголын түүхэнд тодрон мандаж байсан эзэнт улс, түүнийг удирдаж байсан агуу хаадууд Монголчуудын энэхүү онцлогийг харгалзан үзэж засаглалаа явуулдаг байв. Жишээлбэл Хүннүгээс улбаалж хөгжсөн аравт, зуут, мянгатын систем Монголчуудын төвөөс зугтах, бие даасан эрх чөлөөг эрхэмлэдэг байгалийн өгөгдөлд нь тааруулсан цэрэг, засаг захиргаа, иргэний нэгдсэн тогтолцоо байв. Чингис хаан бүх шашныг чөлөөтэй хэмээн зарлаж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхийг Шихихутагт бүх насаар нь өгөхдөө бурууд хатуу, зөвд зөөлөн байхыг үүрэгдэж, Их Монгол улсын бүх ард иргэдийг хийсэн ял, зэм, байгуулсан гавьяа шагналд нь дүйцэхүйц шийтгэн мөн шагнаж байсан нь зөвхөн Монголчуудын нүүдлийн соёл иргэншлээс авсан өгөгдөлд байсныг ойлгох ёстой. Ийм учраас Монголчууд шударга бус явдал ноёрхсон бурангуй тогтолцоог жигшин зэвүүцдэг. Ийм учраас талцал хуваагдлаар дүүрэн, шударга хариуцлагагүй тогтолцоог үзэн яддаг. Ийм л учраас элэг нэгт Монголчууд маань шударга бус төрөөс хамааралгүйгээр өөрсдөдөө ажлын байр бий болгож, шударга ажиллаж хөдөлмөрлөж, тэвчиж чадаад байгаа юм. Монголчуудын хувьд ямар ч төрийн хэлбэрийг  дарангуйлалд оруулахгүй байх, өөрчилж чадах, өөрчлөгдөх ёстой гэсэн төрөлхийн шударга ёсны зөн совинтой ард түмэн. Өөрөөр хэлбэл парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалын аль нь ч гэсэн дарангуйлагч хэлбэр уруу гажваас урьдчилан сэргийлж, шударга ёсны хяналт тавих чадвартай ухаалаг ард түмэн. Энэ тохиолдолд манайх шиг эрс тэс цаг агаарын нөхцөлтэй улсад гүйцэтгэх засаглал нь нэгдмэл удирдлагатай, түүний шийдвэр гүйцэтгэл хурдтай байх ёстой гэдэг дээр санал нэгддэг. Парламентаас батлагдсан аливаа хуулийг маш хурдан шуурхай хэрэгжүүлэх асуудал гүйцэтгэх засаглал тогтвортой, нэгдмэл удирдлагаар хангагдсан эсэхээс ихэд шалтгаална. Цаг ямагт шаламгай үйлдэл шаарддаг гүйцэтгэх засаглалын энэхүү талыг олон хүнээс илүүтэй нэг хүн давуутай гүйцэтгэдэг. Харин хууль тогтоох эрх мэдлийг нэг хүнээс илүү олон хүн чадамгай хэрэгжүүлдэг. 
Монголд засаглал нь легитимийн хямралд орж улс орныг удирдан жолоодох засаглалын оновчтой хувилбарууд яригдаж буй үед язгуурын Монгол төрийн уламжлал, үнэт зүйлсийг дорвитой хэлэлцэх асуудлыг зөнд нь орхиж үл болно. Эртний Энэтхэгийн брахманизм, буддизмын үзэл, эртний Хятадын Күнз, легилизм, даогийн суртлууд одоог хүртэл Энэтхэг, Хятадын  нийгэм, улс төрийн систем болон засаглалд нь тодорхой байр суурь эзэлсээр ирсэн шиг  эртний Монголчуудын засаг төрийн уламжлалт тогтолцоо нэг хүний засаглалыг ардчилалтай хослуулж ирсэн түүх, Монголчуудын улс төрийн гол үзэл суртал шүтэн захирагдах ёс, Чингис хааны билиг сургааль зэрэг Монголын уламжлалт улс төрийн үзэл сургаалиуд Монголын төр ёс, нийгэмд тодорхой нөлөөлөл үзүүлсээр байх нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан