Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо.
Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна.
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр Монгол гэж тодотгож болох соёлыг судлаж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай гэдгийг тэмдэглэв. “Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэв.
Өнгөрсөн онд "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж гарсан бөгөөд Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан юм. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, "Сэнзо констракшн" компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулжээ.