Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу УИХ 0013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байсан юм. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилдог ч дараагийн хүн томилогдтол бүрэн эрхээ хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалттай. Ерөнхийлөгч дээрх хоёр гишүүн нь нэг өдөр, нэг тогтоолоор томилогдсон учраас бүрэн эрхийн хугацаа нь нэгэн зэрэг дуусах ёстой гэж үзсэн юм. Гэвч Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд Ж.Эрдэнэбулган гэсэн ганцхан хүнийг санал болгон УИХ-д өргөн барьсан юм.
Ингэхдээ түүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд томилуулах гэж байгаагаа албан бичигтээ тодорхой тусгаагүй байв. Улсын дээд шүүх хоёр нэр дэвшигчийг нэгэн зэрэг тодруулахаар сонгон шалгаруулалт явуулсан ч Ж.Эрдэнэбулганаас өөр нэр дэвшигч олонхийн санал аваагүй гэдгийг хэлж байлаа. УИХ Ж.Эрдэнэбулганыг томилохдоо Ш.Цогтоогийн оронд томилж, түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан юм.
Ерөнхийлөгч үүнийг нь эсэргүүцэн хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Тиймээс өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.