УОК-ын хуралдаанаас дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хөл хорио тогтоох санал гаргасаныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дэмжжээ.
Ийнхүү ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-наас 15 хоногийн хугацаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионд шилжихээр боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийт зорилтот бүхий иргэдээ вакцинжуулах вакцины хэлэлцээрээ амжилттай хийж дууссан. Одоо татан авах цаг хугацаа хэрэгтэй. Хоёрдугаар тунгийн оргил ачаалал энэ сарын дундуур эрүүл мэндийн салбарт ирнэ.
Вакцинжуулалтыг үр дүнтэй болгох, эхний тун хийлгэсэн иргэдийг халдварт өртүүлэхгүй байхын тулд хөл хорио тогтоож байна. Хоёр дахь тундаа хамрагдсанаас хойш 14-28 хоносны дараа дархлаа бүрэн тогтоно.
Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд 15 хоног улаан түвшинд шилжиж байна. Хөл хорио тогтоохгүй байхын тулд Засгийн газар бүхий л чадлаараа ажилласан. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.